Ийнхүү Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяны өнгөрсөн жилийн аравдугаар сард илгээсэн “Сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай” хүсэлт бүхий захидал “үүрэг”-ээ гүйцэтгэсэн бололтой. Мөн тухайн үед хувь хүний зүгээс бус дэд сайдын үүднээс захидал илгээсэн хэргийг АТГ мөрдөн шалгаж байгаа. Мөн тухайн үед Хууль зүйн дэд сайдын саналыг үндэслэн Интерполоос эдгээр хүмүүсийн үргэлжлэн эрж хайх эсэх тухай давхар сануулга тавьж нягталж байсан. Эцэст нь Интерпол эрхэм сайдын хүсэлтийг ийнхүү хүлээн авахаар шийдсэн бололтой.
Дэд сайд Ж.Эрдэнэжамъян “Би Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд байгаа Н.Энхбаяр даргын хэрэгт холбоотой болохоор эрэн сурвалжлах ажиллагааг нягтлаж үзэхийг Интерполоос хүсч захидал илгээсэн. Дэд сайд болчихсон гээд Н.Энхбаяр даргыг дэмжиж байсан үзэл бодлоосоо ухарна гэж байж болохгүй” гэж мэдээлж байсан. Ямартаа ч одоогоор АТГ-аас Ж.Эрдэнэжамъяныг албан тушаалаа урвуулан ашиглаж мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэргийн сэжигтнээр татаад байгаа. Тэрээр одоогоор нэг удаа байцаалт өгөөд байгаа юм.
Н.Энхтуяа нь өөрийн төрсөн ах Н.Энхбаярын хууль бусаар хувьчлан авсан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байруудыг өөрийн “Эскон” компаний нэр дээр бүртгүүлэн авсан нь энэ авлигын хэрэгт холбоотой болох нь тогтоогддог. Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгын ах Б.Хуяг нь “Өргөө” зочид буудлыг өөрийн компани болох “Хар дун” компаний нэр дээр авсан нь сэжигтнээр татагдан, эрэн сувалжлуулах үндэслэл болж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Хуяг нь хоёр жилийн өмнө, Н.Энхтуяа нь 2004 оноос Сингапур улсыг зориод сураггүй болсон гэдэг.