Жагсаалд оролцогсдын дийлэнх нь ерөнхийлөгч Путиныг эсэргүүцэгчид байсан бөгөөд түүнийг ичгүүргүй хэмээн хараан зүхэж, “Битгий хүүхдүүдээр улс төр хий” гэсэн лоозон барьсан байжээ. Тэд ОХУ-ын Засгийн газар олон мянган өнчин, ядуу зүдүү хүүхдүүдийн хувь заяаг сайтар бодож тунгаалгүй, улс төрийн амбициар хууль баталсан хэмээн шүүмжилж байгаа аж. ОХУ-ын зүүний сөрөг хүчний бүлэглэлийн толгойлогч Сергей Удалцов “Орос хүүхдүүд үрчилсэн эцэг, эхчүүдийнхээ гарт амь үрэгдэх, хүчирхийлэлд өртдөг нь үнэн. Гэхдээ энэ бол маш ховор тохиолдол. Тиймээс хэтэрхий туйлширч америкчуудын орос хүүхэд үрчлэх эрхийг хориглох ёсгүй” гэж мэдэгджээ. Жагсаалын үеэр цөөн тооны хүн олон нийтийг үймээн, самуунд уриалсан хэргээр баривчлагдсан байна.
Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Америкт 60 мянган орос хүүхэд үрчлүүлснээс 19 нь харамсалтайгаар амиа алдсан гэх албан ёсны тоо баримт байдаг аж. НҮБ-аас гаргасан судалгаагаар ОХУ-д ойролцоогоор 740 мянган хүүхэд эцэг, эхийн хараа хяналтгүй амьдардаг бөгөөд жилд ойролцоогоор 18 мянган орос хүн хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргадаг байна.