“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлт зогсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэлт зогсчээ

“Эрдэнэс Тавантолгой” компани Гашуун Сухайтын хилийн боомтын дэргэдэх Цагаан хаданд нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа явуулдаг  “Алтан говь” компанид үйлчилгээний төлбөрөө өгч чадахгүйд хүрснээс нүүрс тээвэрлэлт зогсчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс үүдэн нүүрсний тээвэрлэлт эрхэлдэг олон аж ахуйн нэгж сул зогсолтод орж, эсэргүүцэл жагсаал зохион байгуулагдахдаа тулсан бололтой.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэлт ийн зогссоноос болж Хятадын талд ч сул зогсолт бий болж, асуудал үүсээд байгааг эх сурвалж хэллээ. Шинэчлэлийн Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” компанид санхүүгийн дэмжлэг  үзүүлж, төслийг урагшлуулахын тулд  Хөгжлийн банкнаас 200 сая ам. долларын зээл олгохоор 148 дугаар тогтоол гаргасан ч  зээл олголт удааширснаас “Эрдэнэс Тавантолгой” компанид бэрхшээлтэй асуудлууд ар араасаа тулгарсаар байгаа аж. Хэрвээ Засгийн газраас төслийг нэн яаралтай дэмжиж, санхүүжилтээ өгөхгүй бол тус компанийн нүүрс олборлолт ч хэзээ мөдгүй зогсоход хүрээд байгаа юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж