Кветта хотод өнгөрөгч пүрэв гаригт гарсан халдлагын үеэр 98 хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Аймшигт халдлагын дараах өдрөөс шиитүүд ийнхүү эсэргүүцлийн арга хэмжээ явуулах болсон байна. Жагсаалд 4000 орчим хүн нэгджээ. Жагсагчдын зүгээс ням гаригт амь үрэгдсэн 50-иад хүний шарилыг зам хааж байрлуулан, эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд арми хотыг хамгаалалтдаа авах ёстой гэж үзэж буй юм. Мөн тэд Белужистан мужийн удирдлагуудыг огцрохыг шаарджээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан Пакистаны ерөнхий сайд Ража Первез Ашраф өнөөдөр Кветта хотод очиж, байдлыг зохицуулахаар ажиллаж эхэлжээ.