Шинэчлэлийн Засгийн газрын жинхэнэ эзэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн Засгийн газрын жинхэнэ эзэн хэн бэ?

Шинэчлэлийн Засгийн газрын жинхэнэ тэргүүн Н.Алтанхуяг биш гэнэ. Харин Засгийн газрыг далдаас өөр хүн удирдан, чиглүүлдэг талаар улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байна. Иймээс АН-ын дарга Н.Алтанхуяг айж сандрахдаа бусдыг албан тушаал амлан урвуулж эхэлжээ. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулбал Засгийн эрхийг хоёр хоёр жилээр хувааж барих тохиролцоог “Алтан гадас” болон МоАХ фракцийнхан хийсэн гэдэг. Ялалт байгуулж чадахгүй бол Н.Алтанхуяг суудлаа Х.Баттулгад шилжүүлэх учиртай. Ингэж тохиролцсоны эцэст сонгуулийн өмнөх намын даргын марафоныг царцааж дөнгөжээ.

Өмнөх Засгийн газарт Тэргүүн Шадар сайдын суудал бөглөж байсан Н.Алтанхуягт намынхан нь тийм ч таатай хандаж байгаагүй. Үргэлж түүний эсрэг довтолж, хөдөлгөөн өрнүүлж байсан билээ. Тэр ч бүү хэл, намын даргын суудлаас унагах ажиллагаа хэд хэдэн удаа болж, дараагийн хүн нь Х.Баттулга, З.Энхболд гэх яриа улс төрийн хүрээхний дунд өрнөж байлаа. Товчхондоо, АН-ын албан ёсны дарга нь Н.Алтанхуяг бол албан бус дарга нь Х.Баттулга гэх явган яриа ч бий. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын жинхэнэ тэргүүн нь ч гэсэн “Женко” Х.Баттулга бололтой. Үүнийг бататгах нэгэн үйл явдал болсон нь Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байв. Шалтгаан нь санал бодол нийлэлгүй, үзэл бодол зөрчилдсөн гэх үндэслэл. Шуудхан хэлэхэд, Х.Баттулгатай санал нийлээгүй тул нэг завин дээр явах боломжгүй гээд М.Энхсайханыг далай руу түлхчихэв.  

Ерөнхий сайдын мэдэлд байсан Төрийн өмчийн хороог Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд шилжүүлсэн нь Н.Алтанхуяг Х.Баттулгаас айхдаа хийсэн харалган шийдвэр нь байсан юм. Женко Зам тээврийн яамыг гарын хүндээ өгч, ҮХАА-н яамыг өөрийн захиалгаар авсан билээ. Улмаар Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гаргасан нь ч түүний санаа байсныг намын гишүүд нь хүлээн зөвшөөрдөг. Шинэчлэлийн Засгийн газрын шимтэй бүхэн нь Женкогийн гарт байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Өөрийн гар хөл болсон албатаараа удирдуулж, үндсэн чиг үүрэг, удирдамжийг тэр өгдөг. Яг л “Талх чихэр”, “Атар”, “Мах импекс” гэх хувийн компаниудтайгаа адилтган үздэг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Зам тээврийн сайд А.Гансүх бол МоАХ-ны фракцид хамаардаг, Х.Баттулга сайдын “амьгүй албат”-ынх нь нэг. Иймээс “босс”-той нь ам мурийсан хэнийг ч тэр “өршөөхгүй” гэдгээ баталж М.Энхсайханыг золигт гаргав.

Түүнчлэн А.Гансүх сайд Х.Баттулга сайдын өрөө рүү өдөр бүр хавтас дүүрэн бичиг баримт өвч орж, танилцуулдаг тухай парламентын сэтгүүлчид жиргэх нь бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас урьтаж, Х.Баттулгад аливаа асуудлаа танилцуулж, мань хүн дээш нь оруулах эсэхийг нь шийдвэрлэдэг байна. Нэг үгээр хэлбэл, Женкогийн гарын үсэггүй аливаа албан бичиг Ерөнхий сайд руу орох учиргүй гэх хачирхалтай дүрэм мөрдөгддөг бололтой.

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл өргөн төмөр зам тавих асуудлыг өмнөх Засгийн газарт байхаасаа асуудал болгон тавьж, ажил хэрэг болгохоор ажиллаж эхэлсэн нэгэн. УИХ-аас төмөр замын талаар баримтлах бодлогыг ч мань эрхэм сайдаар нь ажиллаж байхдаа батлуулж, түшээдийн гарыг цайлгаж байсан нь саяхан мэт. Харин М.Энхсайхан “Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн төмөр зам тавих ёстой” гэсэн байр суурь илэрхийлж, энэ байр сууриа хатуу баримтлахаа мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өргөн царигтай төмөр зам тавьснаас нарийн нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай гэнэ. Үүнийгээ ч хэд хэдэн хувилбараар тайлбарлах нь бий. Нөгөөтэйгүүр, М.Энхсайханы бондын мөнгөөр үр ашигтай нэг төсөлд хөрөнгө оруулна гэх байр суурийг ч мэргэжилтнүүд зөвтгөж байлаа. Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтэй, ашиг тустай санал гаргасан М.Энхсайханыг улс төрийн “золиос” боллоо гэж халаглах өнгө аяс мэргэжилтнүүд болон судлаачдын амнаас цухалзав.

Сүүлийн үеийн халаа, сэлгээнүүд ч гэсэн нууц ноёнтны хүсэл таалалтай холбоотой гэх. М.Энхсайханыг халсны дараахан Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг ТӨХ-ны даргаар томилоод байсан билээ. Гэвч жил ч бололгүй ийн “цомхотгол”-д өртөв.

Ийнхүү хамаг эрх мэдлээ нууц ноёнтондоо алдсан Н.Алтанхуяг бие даагчдыг албан тушаал амлан байж, өөрт урвуулахын тулд хөлс хүчээ дайчлах болсон байна. УИХ-ын гурван бие даагч гишүүн “Арвиндах” ажиллагаанд нэрвэгдсэн гэх мэдээлэл бий. Учир нь тэдний ах, дүүг нь төрийн өмчийн компани болон зарим агентлагийн дэд, орлогч даргад нэрийг нь дэвшүүлжээ. Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүний төрсөн дүүг Гааль, эсвэл Татварын ерөнхий газрын дэд даргын нэгээр томилох юм гэнэ. Тиймдээ ч  Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатарыг үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан бололтой. Учир нь суудлыг бэлдэж байгаа юм гэх яриа улс төрийн хүрээнийхний цайны хачир болжээ. Мөн Х.Болорчулуун гишүүний төрсөн дүү Х.Болоржаргалыг Монгол-Оросын хамтарсан “Монросцветмет” нэгдлийн захирлаар томилуулах тохиролцоог АН-ынхан хийсэн гэнэ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол  Засгийн газар  Х.Болоржаргалыг тус нэгдлийн захирлаар томилуулах саналаа ОХУ-ын талд илгээсэн гэх.

Ард түмний далд үргэлж зогсч байдаг гэх алдарт С.Ганбаатар хүртэл “худалдагдсан” гэх яриа бий. Түүний дүүд “МИАТ”-д өндөр албан тушаал амлаж, мөн сүүлийн үед олны танил болоод байгаа бас нэг дүүг нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн орлогч захирлаар томилох юм гэнэ. Н.Алтанхуяг хамаг эрх мэдлээ атгуулсан Женкогоос өөрийгөө хамгаалахын тулд ийнхүү тойрон хүрээлэгчдээ зузаатгаж, “цагаан хэрэм” босгож эхэлсэн бололтой юм. Зөөлөн суудалдаа удаан тухлахын тулд Х.Баттулгаас юугаа ч харамладаггүй юм зайлуул гэх хошин яриа намын гишүүдийнх нь амны зугаа болох нь ч бий. Юутай ч шинэчлэлийн Засгийн газрын жинхэнэ эзэн нь Н.Алтанхуяг биш Х.Баттулга бололтой.

Н.НИНЖ

Эх сурвалж: WWW.NEW.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж