Хашааны газрыг албадан чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Хашааны газрыг албадан чөлөөлөх үү?

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор намын бүлгүүдийг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, УИХ-ын тасралтгүй ажиллагааг хангахтай холбоотойгоор төсөл мэдүүлэхээр болжээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээллээр нэр бүхий 12 гишүүн УИХ-д төсөл өргөн мэдүүлэх аж. Тэдэн дотор олонхийн бүлэгт харьяалалгүй гишүүн байгааг мэдэгдэв. Харин төсөлд нэг чуулганы хугацаанд УИХ дахь намын бүлэг гишүүдийнхээ ирцийг наймаас дээш удаа 50 хувьд хүргэж чадаагүй нөхцөлд тухайн бүлгийг шууд татан буулгахаар зааж өгчээ. Ийм зарчмыг УИХ-д барихгүй бол зарим талаар чуулганы хуралдаан хурал биш болж хувирч байгааг санууллаа.

Ирэх хавраас орон даяар бүтээн байгуулалтын томоохон ажил эхлэхтэй холбогдож Засгийн газрын танхим “Гудамж” төсөл хэрэгжүүлэх болж байгаа аж. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд ахалж таван яам, хотын захиргаа оролцон ажлыг эхлүүлэх юм байна. Гэр хорооллыг барилгажуулах ажил хийгдэхээс эхлээд авто замыг шинэчилнэ. Авто зам шинэчлэх хийгээд гэр хорооллыг барилгажуулах шатанд хашааны газрыг албадан чөлөөлөх эрх зүйн харилцаа үүснэ. Тиймээс тун удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Газрын тухай багц хуулийн төслийн хүрээнд Газрыг албадан чөлөөлөх хуулийн төслийг давхар хэлэлцэж батална гэлээ.

Эл хуулийн төслийг зарчмын хувьд нь бүлэг дэмжсэн байна. Харин бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны бонд, Чингис бонд зэргээр санхүүжүүлж бий болгох аж.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид бүлгийн даргаас дараах асуултад хариулт авсан юм.

-УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэж ирц бүрдүүлдэг байх төсөл санаачилсан байгаа. Энэ төсөлтэй таны мэдүүлэх төсөл хэр уялдаж байгаа вэ?

-Хурууны хээгээр гишүүдийн саналыг авах тохиолдолд хоёр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Зарчмын хувьд нь дэмжиж байгаа. Нэгд, хурууны хээгээр санал авах тохиолдолд УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, тогтмол заасан хугацаанд гишүүдээс саналыг нь авах бололцоогоор хангах ёстой болж байгаа. Энэ тохиолдолд төсөв хөрөнгийг шийдэх шаардлагатай болно. Мөн УИХ-д цахим технологи нэвтрүүлэх чиглэлээр гаднаас санал тавиад байгаа. Тиймээс шийдээд явахад харшлах зүйлгүй.

-Бүлэг гишүүдийнхээ ирцийг 50 хувьд хүргэж чадаагүй нөхцөлд шууд тухайн бүлгийг татан буулгах нь Үндсэн хуулийн зарчимтай харшлахгүй юу?

-Хуульд УИХ дахь нам, эвслийн бүлэг нь ямар тохиолдолд тарах ёстой вэ гэдгийг маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Нөгөө талаас энэхүү хуулийн төслийн хүрээнд парламент засаглалыг хариуцлагтай болгох тухай хөндөж буй учраас Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэхгүй.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж