
Үндэсний статистикийн хорооноос хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоог гаргасан байна. 2010 онд улс орон даяар явагдсан хүн ам, орон сууцны тооллогод үндэслэн уг судалгааг гаргасан бөгөөд энэ нь нийгэм эдийн засгийн болон хүн амзүйн хөтөлбөр боловсруулахад ихээхэн дөхөм болно гэж мэргэжилтнүүд хэлсэн юм. Уг тооцооллыг зургаан хувилбараар хийжээ. Зургаан хувилбарын хамгийн амьдралд ойр байж болох 1-ийн Б хувилбараар бол Монгол Улсын хүн амын тоо 2017 онд гурван саяд хүрэх гэнэ. Харин 2040 онд 3,9 сая болсон байна гэж үзжээ. Харин хүн амын насны бүтэц аль ч хувилбараар 2040 онд хөгшрөх хандлагатай болох юм. Хүн амзүйн ачаалал 2010 онд 46,7 хувьтай байсан бол 2040 онд 48,7 болон нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэр үед хөгшдийн тоо нэмэгдэж, хүүхдийн тоо буурах аж. Хүн ам хөгшрөх хандлага 2030 оноос манай улсад ажиглагдаж эхлэх бөгөөд 2040 он гэхэд 65-аас дээш насныхан хүн амын 7,9 хувийг эзлэх тооцоо гарсан нь одоогийн хөгшдийн эзлэх хувийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэж байгаа юм. Хүйсийн хувьд хойшдоо ч эмэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна.
Аймаг, нийслэлийн хүн амын тооцоогоор хүн ам нь хамгийн ихээр цөөрч одоогийнхоос хоёр дахин бага хүн амтай байж болох аймагт Завханыг нэрлэж байна. Харин Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн хувьд хүн ам нь одоогийнхоос хоёр дахин нэмэгдсэн байх гэнэ.
Д.ЦЭЭПИЛ