Анодын хохирлыг төр хариуцахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Анодын хохирлыг төр хариуцахаар боллоо

Юуны өмнө таван жилийн турш 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг нойргүй хонуулж, хууль хяналтын байгууллагынхныг төдий хугацаанд хийх ажилтай байлгасан “Анод”-ын гэх тодотголтой хэргийг нэг тийш нь шийдэж өгсөн Баянзүрх дүүргийн шүүхийнхэнд баярлалаа гэж хэлье.

Бас 1200 гаруй хүнийг хохироосон гэх банкны удирдлагууд нь нэр ус, хаяг бүртгэлтэйгээ Монгол Улсад байсаар атал хохирлыг нь тэдгээр эрхмүүд бус харин эхний ээлжинд төр хариуцах шийдвэрийг гаргасанд эмгэнэж буйгаа дуулгая.

Баянзүрх дүүргийн шүүхийн­хэн дөрөв хоногийн турш хуралдаж, өнгөрсөн пүрэв гаригт 22:30 цагт гаргасан шийдвэрийг тоймлон дуулгавал анхан шатны шүүхээс Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноожээ, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч тус бүрээс гурван жилийн ялыг хасч, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, үлдсэн хоёрыг нь гурван жил хорих ялыг биеэр эдлүүлэхээр болсон гэнэ. Мөн Зээлийн газрын захирал асан Э.Оюунсүрэнд зургаан жил хорих ял оноосноос Өршөөлийн тухай хуульд заасны дагуу өрх толгойлсон, хоёр нялх хүүхэдтэйг нь бодолцон ялаас чөлөөлж, харин зээлдэгч Ж.Гантулгад нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ял оноосноо мөн л Өршөөлийн хуульд хамруулан гурван жилийг нь хассан ажээ. Харин бусад холбогдогчийнх нь үйлдэл нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон ба шүүх харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохир­лыг дээрх шүүгдэгчдээс гар­гуулахаар болсон байна. Шүүхийн дээрх шийдвэрээс хамгийн их анхаарал татсан зүйл нь хувьцаа эзэмшигч 1200 хүнд есөн тэрбум төгрөгийн хохирол учрахад төрийн байгууллагынхны ажлын уялдаа холбоо муу, гаргасан шийдвэр нь хоорондоо зөрчилтэй байснаас үүдсэн гэжээ. Иймд хувьцаа эзэмшигчдийн хохирлыг эхний ээлжинд төрөөс гаргуулахаар болж, таван жил нойргүй хоносон хувьцаа эзэмшигчдэд сая л нэг бүтэн нойртой хонох боломжийг олгож буй юм байна. Энэ тухай тэдний өмгөөлөгчид болоод тус банкийг өөрсдийн хүсэл зоригоор сонгон мөнгөө байршуулсан нөхөд бахархан ярьж, “Ер нь ч тэгээд төр буруутай юм чинь” хэмээн хэнэг ч үгүй өгүүлж байна. Тэдний зарим нэгнийх нь ярьж буйгаар төр банк гэх тоглоомын газар байгуулаад түүндээ баахан хүний мөнгийг хүчээр аваачиж хийснийхээ дараа зохион байгуулалтайгаар дампууруулж олон хүний нервээр баахан тоглосон юм болов уу даа. Ямартай ч тийм утга агуулгатай зүйлийг хохирогчид ярьж одоо хохирлоо хурдан түргэн барагдуулахын төлөө бүхий л боломжоороо тэмцэнэ гэдгээ хэлж байна билээ. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг төр лүү их муухай дайрч байна шүү.

Уг нь бол энэ асуудалд төр бус хуурамч гээд тодорхойлоод байгаа хувьцааг худалдаж авсан хүмүүс өөрсдөө буруутай баймаар. Үүний хамгийн эхний шалтгаан нь хөрөнгө оруулагчид тус банкны хувьцааг худалдан авах гээд Хөрөнгийн биржид хандах үед өөр банк, компанийн хувьцаа худалдаалж байсан нь лавтай. Энэ ч утгаараа өнөөдрийн хохирогч гээд байгаа нөхөд ирээдүйд олох ашиг, хүү энэ тэрээ харж дээрх сонголтыг хийсэн нь гарцаагүй үнэн юм. Та бид ч гэсэн дэлгүүрт ороод худалдан авалт хийхдээ чанартай бөгөөд хямдыг нь, аль нэг банкинд орж хадгаламж нээлгэж зээл авахдаа аль таатай болзол тавьсныг судалж, сонирхож, лавлаж байгаад сонгодог биз дээ. Мэдээж та биднийг сонголтоо хийх гэж байхад төр гэх хадны мангаа гэнэт гарч ирээд “Чи “Анод”-ын хувьцааг ав, чи тэр компанийн бүтээгдэхүүнийг худалдан ав, тэр банкинд мөнгөө байршуул” гэдэггүйтэй адил. Гэтэл “Анод”-ын хохирогч гэж баахан нөхөр өнөөдөр төр л тэдэнд албадан тулгалт хийж, шахаж байгаад хувьцаа авахуулсан аятай аяглаад шүүх тэднийг дагаж “намираад” байгаа нь жаахан утгагүй. Тэр ч бүү хэл ХЗХ-ны хохирогчид шиг өлсөж цангаад ч хамаагүй хэдэн төгрөг салгана гэдэг нь бүр ч хачирхалтай санагдаад буй юм. Хамгийн гол нь, 1200 хохирогчид учирсан гээд байгаа есөн тэрбум төгрөг татвар төлөгч та бидний халааснаас гарахаар боллоо. Нөгөөтэйгүүр энэ асуудалд төр бус харин хариуцлагагүй төрийн алба хаагчид буруутай. Яагаад гэвэл төрийн ажлыг нугалж байгаа гэх тэдний хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж хүмүүс хохирсон. Иймээс хохирогчид ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчид болоод энэ дуулианыг дэгдээсэн банкны удирдлагууд тэдний батлан даагчаас мөнгөө нэхвэл арай шударга баймаар.  

Энэ дашрамд сануулахад 1990 он гарснаар манайхан олон банк байгуулж бас дампууруулж тоглосон. Тэр болгонд төр ямар нэг байдлаар хохирлыг нь хариуцаж барагдуулдаг байлаа. Энэ тухай ганцхан жишээ дурдахад “Монгол бизнес” гэх айхавтар нэртэй банк байв. Тухайн үед өчнөөн олон хүний мөнгөөр наадсан банкны эзэн Давааням гэх эрхэм байсан бөгөөд уг нь тэрбээр энэ олон хүний эд хөрөнгөөр тоглосон гэдэг утгаараа хариуцлага хүлээх ёстой байсан. Гэтэл 2006 оны үед түүний бусдад учруулсан хохирлыг төр хариуцаад харин ноён Давааням гавьяа байгуулсан мэт Монголбанкны Зээлийн газрын захирал гэсэн томоохон албыг үүрч байсан юм. Харамсалтай нь өнөөдөр яг ийм жишиг нийгэмд тогтоод шүүх ч ингэх ёстой гэсэн байдлаар шийдээд байна. Олон жил дуулиан тарьсан “Анод”-ын тухай өөр нэг баримт дуулгахад 2008 оны арванхоёрдугаар сард тус банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллах болсноор харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирлоо нөхөн төлүүлж авч чадаж байсан гэдэг бөгөөд хохирлын хэмжээ нь 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.доллар болсон тухай баримт байдаг. Түүнээс Монголбанкны эрх хүлээн авагч нь сайн ажилласнаар зээлдэгч нараас мөнгийг нь гаргуулж, хохирлын хэмжээг 70 тэрбум болтол нь буулгаж чадсан гэх бөгөөд энэ хэрэгт Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны тодорхой албан тушаалтнуудыг шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Монголд өнөөдөр албан тушаалтнууд завшаад төрийн нэрээр ард түмэн хохироод үлдэж буйн бас нэг баримт болж буй юм.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж