МАН-ынхан төвлөрлийг сааруулах ёстой гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

МАН-ынхан төвлөрлийг сааруулах ёстой гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус бүлгийн хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Үүнд байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмж 21-д хүргэхтэй холбоотой асуудал багтаж буй аж. Хууль батлагдсан нөхцөлд байнгын хороонд харьяалагдах МАН-ын гишүүдийн тоо нэмэгдэж дөрөвт хүрэх бололцоо нээгдэнэ. Одоогоор МАН-аас байнгын хороодод 1-2 хүртэлх гишүүд харьяалагдаж буй юм байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийнхэнтэй ярилцаж ойлголцолд хүрсэн болохоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Мөн хуралдаанаар бүлэг орон нутгийн сонгуулийн дараа үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин хэлэлцжээ. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохыг хүссэн ч ирээгүй, гэхдээ УИХ-ын даргын зөвлөлөөр асуудлыг ярилцаад ирэх лхагва гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ярилцахаар болжээ. Тус бүлгийн гишүүдийн хувьд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох нь Үндсэн хууль хийгээд бусад хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа гэдгээ дахин баталгаажуулж байр сууриа хамгаалах ёстой гэж үзсэн байна.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд дарга “Үндсэн хуулийн цэцээс Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг 1996, 1997 онд тус бүр тогтоосон, Ерөнхий сайд энэ бүхнийг зөрчлөө. Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Н.Номтойбаяр гишүүний мэдээллээр бол тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг Ерөнхий сайд томилсон байна. Нөгөө хүн нь аймаг дээрээ явж очоод тамга тэмдэг булааж аваад сууж байгаа тухай яригдлаа” гэлээ. Тиймээс энэ асуудлыг байнгын хороогоор ярьж шаардлагатай гэж үзвэл орон нутагт үүсээд байгаа эдгээр асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх болно гэлээ. Мөн энэ асуудалтай холбогдож гарсан бас нэг зүйл нь бүлгийн гишүүд орон нутагт эрх мэдлийг өгч төвлөрлийг сааруулна гэх Засгийн газар, УИХ-ын бодлого хэрэгжихгүй байна хэмээжээ. Хэрэгжүүлж байгаа бодлого нь эрх мэдлийг төвд төвлөрүүлэх бодлого барьж байна, тиймээс орон нутгийн засаг захиргааны байгууллагын төвлөрлийг сааруулахын эсрэг явж байгаа энэ асуудлыг судалж, шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл санаачлах гэнэ.

Сүүлийн өдрүүдэд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх болсонд цөөнхийн бүлэг анхаарлаа хандуулахаар шийджээ. Засгийн газраас зарим барааны үнийг тогтворжуулах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж, компаниудад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа тул юунаас болж үнэ өсөөд байгааг судлах, тодруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж