Өнөөдөр Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөр

Өнөөдөр Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөр. Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон аж. Тэр тусмаа 2010 оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 61/203 тоот шийдвэрээр Биологийн олон янз байдлын олон улсын жил болгон зарласан билээ.
Өнөөдрийн энэхүү тэмдэглэлт өдрийг дэлхий даяар “Биологийн олон янз байдал, хөгжил ба ядуурлыг бууруулах нь” гэсэн ерөнхий сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манайд ч бас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд өнөөдөр 13.00-16.00 цагийн хооронд Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголын Алтай Соёны эко бүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах нь төслийг танилцуулах ажээ. Мөн биологийн олон янз байдлын талаар оюутнуудад зориулсан танилцуулга лекц мөн өдрийн 11.00-13.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй дугуй танхимд болно.
Үүнээс гадна олон нийтийн газруудад ховор таван амьтны багтай хүүхдүүд биологийн төрөл зүйлийг хамгаалахтай холбогдсон сурталчилгаа, таниулгын ажил хийнэ. Сурталчилгааг МУИС-ийн дэргэдэх "Экологи эрдэм клуб"-ын оюутан сурагчид хийх аж. Лекцийг МУИС-ийн дэд захирал профессор Р.Самьяа, БОАЖЯ-ны хэлтсийн дарга, доктор Д.Батболд нар уншина.
Нэгэн таатай мэдээ дуулгахад, өнөөдрийн турш тус музей залуу, өсвөр үеийнхний биологийн төрөл зүйлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах хандлага, сэтгэлгээ төлөвшүүлэх зорилгоор хүмүүст үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна. Байгалийн музейд та зав гарган зочлоорой.

Ж.Заяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж