М.Энхсайхан: Ажлаа хүлээлгэж өгөөгүй л байна

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: Ажлаа хүлээлгэж өгөөгүй л байна

Өмнөх долоо хоногийн дуулиан шуугианы эзнээр тодроод байгаа хүн бол “МТЗ”-ийн захирал М.Энхсайхан. Өмнөд хөрш рүү татах төмөр царигийн асуудлаар салбарын сайдтайгаа санал зөрөлдсөний улмаас ажлаасаа халагдсан гэж хүмүүс шуугиж байгаа ч тэрээр өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэтэл өчигдрөөс эхлэн түүнийг үүрэгт ажилд нь дахин томилсон тухай твиттерээр жиргэж эхэлжээ. Энэ талаар М.Энхсайханаас өөрөөс нь товч хариу авлаа.

-Таныг ажлаас халах болсон шалтгаан юу байсан бэ. Монголын төмөр замын захирлаар эргүүлээд томиллоо гээд байх юм. Энэ үнэн үү?

-Намайг ажлаас халах тухай шийд гаргасан хүмүүс наад асуултад чинь хариулах байх даа. Одоогоор ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. Монголын төмөр замын Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж байж эцсийн шийд гарна.

-Хэрвээ Монголын төмөр замын ТУЗ таныг ажлаас халах үндэслэлгүй гэж үзвэл та ажлаа үргэлжлүүлж хийнэ гэсэн үг үү?

-ТУЗ Төрийн өмчийн хорооныхоо шийдвэрийг л дагах байлгүй.

Тэрээр ийн хариулж байна. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг өнгөрсөн хагас сайн өдөр мөн ажлаас нь чөлөөлсөн болохоор тус газрын хувьд юун М.Энхсайхан манатай байгаа бололтой. Харин одоогоор Төрийн өмчийн хороо гэх их газар хэнд очих нь тодорхойгүй байна. Гэхдээ “МТЗ”-ийн захирлыг халсан ТӨХ-ны дарга нь бас ажлаасаа халагдсан нь ийнхүү янз бүрийн таамаглал дэгдээхэд хүргэж байгаа бололтой. ТӨХ-ны энэхүү халаа сэлгээг М.Энхсайханд барьсан “бэлэг”-ных нь хариу ч гэх хүн байна. Ямартай ч хаа сайгүй л “ноёдын зодоон” эхлэв бололтой.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж