Тайванийн Ма Инзюгийн засаг захиргааны бодлогыг эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн Тайбэй хотод өчигдөр жагсаал хийсэн тухай AP агентлаг мэдээлэв. Жагсагчдын гол шаардлага нь ерөнхий сайд Чэнь Чунийг огцруулах тухай байсан бөгөөд тэд Тайванийг эдийн засгийг хөгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилжээ. Тайванийн эдийн засгийн өсөлт 2012 онд хоёр хувьд хүрэхгүй бага байсан гэнэ.
Жагсаалд оролцогч Аэнди Чен гэгч гадаадад хэдэн жил суралцаад эх орондоо ирсэн бөгөөд түүний “Эдийн засгийн байдал маш муу байна. Сургууль төгсөгчдөд ажил олдохгүй байна" хэмээснийг AP иш татан мэдээлжээ.
Жагсаалыг зохион байгуулсан Ардчилсан дэвшилт намынхан эсэргүүцлийн жагсаалд 150 мянган хүн оролцсон гэлээ. Харин Ассошиэйтед Пресс агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр жагсаалд 50 мянга гаруй хүн оролцжээ. Арлын тэргүүний албан тушаалд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж буй Ма Инзюгийн захиргааны үед энэ нь хамгийн олон хүнийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ болж байна.