Тавантолгойг ашиглах бэлтгэл ажлын явцтай танилцана

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Тавантолгойг ашиглах бэлтгэл ажлын явцтай танилцана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганы хугацаанд  зохион байгуулсан ажлынхаа талаар тайлагналаа.

Намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл нь эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах замаар компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгоход чиглэжээ. Өмч хувьчлалын уламжлалт аргуудын зэрэгцээ стратегийн ач холбогдол бүхий ордын төрд ногдох хувьцааг хувьцаат компанид шилжүүлж, түүний хувьцааны тодорхой хэсгийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд үе шаттай арилжаалах, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох болон концессын гэрээний аргыг түлхүү хэрэглэхээр үндсэн чиглэлд тусгажээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинээр баталснаар хөрөнгийн мэргэшсэн үнэлгээ хийгч нь хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хараат бусаар, хөндлөнгийн нөлөөнд автахгүй, үндэслэлтэйгээр хийх эрх зүйн үндэс бүрдсэн байна. Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Монголбанкны эрдэнэсийн сангийн байдал, авто замын салбарт 2009 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц байдал, Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, санхүүжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг тус тус ажиллажээ. Чуулганы завсарлагаар  байнгын хорооноос зохион байгуулах хяналтын ажлыг юуны өмнө УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолоор баталсан Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд сэргээгдэх эрчим хүчний асуудлаар тусгасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Ашигт малтмалын тухай зэрэг хуулиудын хэрэгжилт, Тавантолгой зэрэг ашигт малтмалын ордыг ашиглах бэлтгэл ажлын явц байдалтай танилцах, УИХ, байнгын хорооноос гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг холбогдох яам, газар, орон нутагт шалган танилцах зэрэгт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

                                        Д.ОЮУН 2010 оны 2 сарын 11

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж