Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Хэн нь хэн бэ?

Дэвид Кэмерон Их Британийн ерөнхий сайд

Энэ жилийн тавдугаар сараас Их Британийн ерөнхий сайд. Их Британийн Консерватив намыг 2005 оноос хойш толгойлж байна. Парламентын Нийгэмлэгийн танхимын гишүүнээр 2001 оноос хойш сонгогдон ажиллаж иржээ. Carlton Communications  телевизийн нэвтрүүлэгийн хоршоолын холбооны захирлаар 1994-2001 онуудад ажилажээ. Их Британийн Дотоод хэргийн яам ба төрийн сангийн тусгай зөвлөхөөр 1992-1994 онуудад ажиллаж байлаа.
Дэвид Вильям Дональд Кэмерон (David William Donald Cameron) 1966 оны аравдугаар сарын 9-нп Лондон хотноо баян, нэртэй айлд төржээ.Түүний эцэг Ян Дональд Кэмерон (Ian Donald Cameron)  биржийн маклер, Их Британийн IV Вильгельма (1765-1837) хааны шууд удмын хүн байлаа. Дэвидын эх Мэри Флер Маунт (Mary Fleur Mount), баронет  хэргэмтний охин ба түүний хэд хэдэн үеийн өвөө нар нь Тори намаас парламентад сууж байсан аж.
Беркширийн гүнтний аймгийн Уинкфилд хотын Хэтердаун гэх гэх нэр хүнд бүхий дотуур байртай бэлтгэл сургуульд Дэвид Кэмерон суралцаж байлаа. Уг сургуулиар хатан хаан II Елизаветагийн хүүхдүүд жонон Эндрю (Prince Andrew) ба жонон Эдвард (Prince Edward) болон британийн тэрбумтнуудын хүүхдүүд дамжжээ. Дэвид гэр бүлийнхээ уламжлалын дагуу 1979 онд Итоны элитийн коллежид сурч эхэлсэн ч 1983 оны тавдугаар сард төгсөлтийн шалгалтаа өгөхийн өмнө марихуана гэх хар тамхи татдаг нь илрэв. Тэрээр хийсэн хэргээ бүрэн хүлээснээс гадна бусад оюутнуудын дунд хар тамхи тараагаагүй гээд сургуулиасаа хөөгдсөнгүй харин коллежийн хашаанаас гарах эрхээ хасуулан шийтгүүлж байлаа. Ийм хэрэгт холбогдсон ч Дэвид шалгалтаа сайн өгөөд 1984 оны сүүлчээр Оксфордын их сургуулийн дэргэдэх Брейзноз коллежид элссэн байна. Оксфордод хичээлээ эхлэхээс өмнө Кэмерон Британийн парламентын Консерватив намаас сонгогдсон гишүүн Тип Рэтбоунын (Tim Rathbone) туслах мөн Гонконгийн Jardine Matheson компанид гурван сар ажлаад амжсан байлаа. Дэвид Гонгконгоос Европт төмөр замаар буцан ирсэн ба замдаа Москва, Ялтыг үзэж явахад нь КГБ-гийн туршуулаар элсүүлэх гэсэн хэмээн өөрөө ярьдаг. Брейзнозийн коллежид урлагийн бакалавр мөн улс төр ба гүн ухаан, эдийн засгийн салбар ухааны курсийг  Кэмерон дуусгажээ.
Их Британийн Консерватив намын судалгааны тасагт ажиллаж эхэлсэн 1988 оны есдүгээр сарын 26-наас түүний улс төрийн карьер эхэлсэн гэж болно.  Тэрээр намын үзэл баримтлал боловсруулах мөн парламентын маргааны брифингуудыг зохион явуулах зэрэг асуудлуудад оролцож байжээ. Кэмерон 1991 оноос судалгааны тасгийн улс төрийн хэсгийг толгойлох болов.
Консерваторууд 1992 оны сонгуульд ялсаны дараа төрийн сан хөмрөгийн канцлер байсан Норман Ламонтын (Norman Lamont) захиргааны дотор ажиллах болсон байна. Тэрээр 1993 оны зургадугаар сард Дотоод хэргийн яамны тусгай зөвлөх байж, консерваторуудын лидерээр дараа нь тодорсон  сайд Майкл Говардын (Michael Howard) брифингийн асуудлыг хариуцаж байлаа. Кэмерон 1994 оны долдугаар сард тэр тушаалаа орхин  Carlton Communications  телевизийн нэвтрүүлэгийн хоршооллын холбооны захирлаар ажиллаж эхлэв. Carlton Communicatons компанидаа хиймэл дагуулын дижитал нэвтрүүлэгийн эрхийг Кэмерон олж чадсан хүн гэнэ. Тэрээр парламентын сонгуульд оролцохоор уг ажлаа 2001 оны хоёрдугаар сард орхижээ. Парламентын нийгэмлэгүүдийн танхимд сонгогдохоор тэр 1994, 1997 ба 2000 онуудад гурван удаа бүтэлгүй оролдлого хийсний дараа 2001 онд Кэмерон Оксфордширийн гүнтний аймгийн Уитни тойргийн нөхөн сонгуульд ялсан байна. Нийгэмлэгүүдийн танхимд сонгогдсоны дараа тэрээр Дотоод хэргийн тусгай хороог толгойлон парламентын маргаануудад идэвхтэй оролцон сайн илтгэгч гэж хэлэгдэх болсон гэнэ:. Кэмерон 2003 оны долдугаар сараас “сүүдрийн Засгийн газрын” гишүүн, парламентын Нийгэмлэгүүдийн танхимын сүүдрийн лидер Эрик Фортын  (Eric Forth) орлогч болсон байв. Тэрээр Майкл Говард консерватив намыг удирдаж байх үеэр дэд дарга нь байжээ. Мөн 2005 оны тавдугаар сараа сүүдрийн Засгийн газрын Боловсролын сайд нь байлаа.
Бүх нийтийн сонгуулиар лейбористууд ялсаны дараа Майкл Говард намын даргаасаа огцрох өргөдлөө өгсөн ба 2005 оны есдүгээр сарын 29-ний өдөр Кэмерон намын даргад албан ёсоор өрсөлдөхөө зарлан парламентын гишүүдийнх нь дунд явуулсан сонгон шалгаруулах шалгалтыг давсан байв. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 6-нд намын бүх гишүүдийн сонгуулиар 66 хувийн санал авч Дэвид  Дэвисыг (David Davis) ялан намын дарга болсон байна.
Энэ жилийн тавдугаар сарын сонгуулиар консерваторууд ялаад Кэмерон Их Британийн Засгийн газрын тэргүүн болжээ. Кэмероныг залуу амбицтай лидер гэдэг ба тэрээр Их Британийн улс төрийн системыг шинэчлэх хүсэлтэй. Гэвч хэвлэлээр түүний бодлого нь элитүүдэд тулгуурласан энгийн хүмүүсийн амьдралаас хол гэсэн шүүмжлэл гардаг.
Кэмерон  эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоол хийх дуртай.  Агаарын теннистоглож, морь унах, ан хийх мөн хөлбөмбөг үзэх дуртай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж