Их Британийн ерөнхий сайдын орлогчоор тавдугаар сараас ажиллах болов. Британийн либерал ардчилсан намыг 2007 оноос хойш толгойлсон ба 2005 оны тавдугаар сараас Их Британийн парламентын гишүүн. Клегг 1999-2004 онуудад Европын парламентын гишүүн байлаа. Үүнээс өмнө 1994-1999 онуудад Европын комисст алба хааж байжээ.
Николас Уильям Питер Клегг (Nicholas William Peter Clegg) 1967 оны нэгдүгээр сарын 7-нд Бакингемшир (Buckinghamshire) гүнтний аймгийн Челфонт Сент-Джайлс (Chalfont St. Giles) тосгонд төржээ. Банкны салбарт ажиллаж байсан эцэг нь хагас орос, хагас англи хүн. Никийн эмээ нь 1917 онд Орост хаанаа авч хаясны дараа Англид гарсан язгууртан ажээ. Эх нь Индонезид төрсөн голланд эмэгтэй гэнэ. Никээс гадна тэд охин ба өөр хоёр хүүгээ хүмүүжүүлсэн аж.
Их Британидаа алдартай Вестминстерын сургуулийг (Westminster School) Ник дүүргээд Кембрижийн их сургуулийн Робинсоны коллежид (Robinson College) үргэлжлэн сурч археологийн шинжлэх ухааныг үзэн антропологиор магистрын зэрэг хамгаалжээ. Кембрижийн их сургуулийн теннисний багийн ахлагч байсан ба оюутны театрт тоглодог байсан гэнэ. Клегг 16 насандаа оюутан солилцоогоор Мюнхенд суралцаж байв. Тэр үеэр Мюнхены профессорын ховор нандин кактусын цуглуулгыг шатаах гэсэн хэрэгт холбогдоод авчээ. Хожим тэр бүтэлгүйтлээ “согтуугийн гай” гэж улстөрч тайлбарласан байлаа. Кембрижид суралцсаны дараа тэрээр Миннесотагийн их сургуульд суралцах тэтгэлэгийг хожсон байна. Тэнд тэрээр ногоонтнуудын улс төрийн гүн ухаанд суралцсан гэнэ. Европын судалгаагаар бас нэг магистрын зэргийг Клегг Бельгийн Брюгге хотын Европын коллежид хамгаалсан байв.
Клегг 1990 онд Нью-Йоркт сэтгүүлчийн дадлага хийн The Nation гэх зүүний сэтгүүлд бичиж байлаа. Дараа нь 1992-1993 онуудад Лондонд зөвлөхийн ажил хийснээс гадна түр хугацаагаар Будапештад амьдарсан юм. The Financial Times сонины бий болгосон Дэвид Томасын (David Thomas Prize) сэтгүүлчийн шагнал авсан нь тэр боломжийг түүнд өгчээ. Клегг 1994 онд Брюссельд ирээд Европын комисст ажилтай болов. Тухайлбал тэрээр Дундад Ази ба Оросын хамгийн ядуу мужуудад хүмүүнлэгийн төслийг явуулдаг байсан ажээ. Ник 1996-1999 онуудад улстөрийн бодлогын зөвлөх мөн спичрайтерын үүргийг Европын худалдааны комиссарын дэргэд хийсэн байна. Энэ хугацааны сүүлчээр Клегг Европын комиссийн дэд ерөнхийлөгч , консерватор Леон Бриттаны (Leon Brittan) зөвлөх хийжээ. Түүнтэй цуг ажиллаж байхдаа Ник Орос ба Хятадтай хийгдсэн худалдааны хэлэлцээрт оролцон тэдгээр орнуудыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхтэй холбоо бүхий ажлыг амжуулж явсан байна.
Либерал ардчилсан намаас (Liberal Democrats; Lib Dems) 1999 онд Клегг Европын парламентад нэр дэшигч болон сонгогдож байлаа. Уг намын лидер байсан Пэдди Эшдаун (Paddy Ashdown) тэр үеэр Никийг намын ирээдүйн лидер гэж танилцуулж байсан юм. Клегг 1999-2004 онуудад Европын парламентын гишүүн байсан ба тэрээр Европын парламентыг шинэчлэх санаачлагыг гаргаж байсан ажээ. The Guardian британи сонинд 2000-аад оны эхнээс булан хөтөлж байлаа. Европын парламентыг орхисоны дараа GPlus PR-агентлагад тэр зөвлөх болсон байв. Мөн Шеффилдын их сургуульд лекц уншдаг байжээ. Тэрээр 2005 онд улс төрд эргэн ороод Шеффилд Хэллэм (Sheffield Hallam) сонгуулийн тойргоос 51 хувийн санал аван Британийн парламетын Нийгэмлэгийн тьанхимын гишүүн болов.
Либерал ардчилагчдыг 2006 онд Мензис Кэмпбелл (Menzies Campbell) толгойлсоны дараа тэдний байгуулсан сүүдрийн Засгийн газарт Клегг ороод Дотоод хэргийн сайд нь болж байлаа. Тэрээр террорын эсрэг хуулиудад идэвхтэй ажилласнаас гадна ихууль бусын цагаачдад ”зүтгэлээр олсон иргэний эрх” өгч болох тухай санаачлага гарган нэлээд нэртэй болсон юм.
Клеггийг 2007 оны арванхоёрдугаар сард Либерал ардчилсан нам лидерээрээ сонгосон байна. Энэ жилийн сонгуулийн дөрөвдүгээр сард болсон гурван намын сонгуулийн маргааны эхний шатанд ялсаны дараа Клеггийг хэвлэл мэдээллээр ерөнхий сайд болохоор хүн гэж байлаа.
Энэ сонгуулиар Клеггийн нам 23 хувийн санал авч 57 суудалтай болсон билээ. Үүний дараа тэд консерваторуудтай нэгдэн эвсэжКлегг шинэ ерөнхий сайд Дэвид Кэмероны орлогч боллоо. Консерваторууд тэдэнтэй эвсэхдээ либералуудын сонгуулийн системээр бүх нийтийн санал асуулга явуулах саналыг дэмжсэн байна. Ник Клегг англиас гадна нидерланд, франц, г,ерман, испани хэлтэй. Цанын спорт уулын аялал жуучлал, театрт дуртай гэнэ.
Эхнэр Мириам Гонсалес Дюрантес (Miriam Gonzalez Durantez) нь испани үндэстэн ба хуульч. Тэднийх Антонио (Antonio), Альберто (Alberto), Мигель (Miguel) гурван хүүтэй. Нэгэн ярилцлагадаа тэрээр шашинд сүсэггүй гэхдээ хүүхдүүдээ католик болгоно гэсэн байлаа.
Хэн нь хэн бэ?
Ник Клегг Их Британийн ерөнхий сайдын орлогч ба Британийн Либерал ардчилсан намын лидер