Энэ хавраас АНУ байлдааны ажиллагаанд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Энэ хавраас АНУ байлдааны ажиллагаанд оролцохгүй

Америкийн цэргийнхэн Афганистанд явуулах байлдааны ажиллагаанд ирэх хавраас эхлэн оролцохгүй болж байна. Энэ тухай Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.
 
 Афганистанд байрласан Америкийн цэргийнхэн төлөвлөж байснаасаа өмнө байлдааны ажиллаанд оролцохгүйгээр шийдлээ. Ирэх хавраас эхлэн тус орны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг Афганы арми авч, АНУ-ын тэнд байрлаж байгаа хүчин хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнтэй хийх тэмцэлд нь туслах үүрэгтэй болно.

Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нар хэлэлцээр хийн энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн тухай Германы Дефа агентлаг  бямба гаригт мэдээлжээ. Тус орны аюулгүй байдлыг хангах үүргийг ирэх зунаас Афганистаны армид хариуцуулна гэж өмнө нь төлөвлөсөн байлаа.

Америкийн цэргийнхэн  өөр үүрэг гүйцэтгэнэ

"Ирэх хавраас манай цэргийнхэн өөр үүрэгтэй болоод гол төлөв Афганы армийн сургалтыг хариуцан зөвлөх ажлыг явуулна” гэж хэлэлцээрийн дараа хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр Обама хэлжээ.

Афганистанд аюултай нөхцөл байдал үүсч болох бөгөөд тэдэнд ээдрээтэй асуудлуудаа шийдэх үүрэг байгааг ерөнхийлөгч Обама хүлээн зөвшөөрөв. Зарим нэг тохиолдолд Америкийн цэргийнхэн Афганы армийг дэмжинэ. Гэхдээ энэ улс дахь дайны төгсгөл ирж байна хэмээн Обама тэмдэглэв.

Америкийн цэргийнхэнд дархлалын баталгаа байх ёстой

Олон үндэстний цэргийг 2014 онд Афганистанаас эргүүлэн татсаны дараа Америкийн цэргийнхэн Афганд үлдэх эсэх асуудал нээлттэй үлдлээ. Хоёр орны ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэлд, энэ талаар хэлэлцээр дээр ярилцсан гэж тэмдэглэсэн байв.

Хэвлэлийн бага хурлын үеэр, хэрэв Афганы талаас эрүүгийн мөрдөн байцаалт явуулахгүй гэсэн баталгааг өгвөл Америкийн цэргийнхэн тэнд үлдэж болохыг Обама хальт хэлээд өнгөрөв. Тэр дархлал нь хоёр талын гэрээ хэлцлээр баталгаажсан байх ёстойг Обама онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж