Хэт улс төржсөн эрчим хүч
Нүүрс, уран, газрын тосноос эхлээд нар, ус, салхи зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөөр Монгол Улс дэлхийн аль ч орчны атаархлыг төрүүлнэ. Тэгсэн хэрнээ цахилгаан, дулаанаа хангалттай хэмжээгээр үйлдвэрлэчихэж чадахгүй, хоёр хөршөөсөө импортолж ирсний шалтгаан нь эрчим хүчний салбарыг атгаж буй төр өөрөө мөнгөгүй, тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагчдад боломж олгохгүй байсанд л оршино. Эрчим хүчний объектуудыг төр эзэмшдэг, цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулдгийн ачаар монголчууд дэлхийн дунджаас хавьгүй бага үнээр цахилгаан, дулаанаа худалдаж авч буй нь үнэн. Үр дүнд нь бид хөрөнгө оруулалт татах чадваргүй эрчим хүчний салбар, хүлэмжийн хий үйлдвэрлэгч “хөгшин” цахилгаан станцууд, хотын оршин суугчдын өвчин, үхлийн шалтгаан болсон агаарын бохирдлоос өөр юу ч үгүй хоцорч байна.
Гэхдээ манайхтай ижил орнууд бас бий. НҮБ-аас “Хүлэмжийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалт татах нь” сэдэвт судалгааг Хятад, Энэтхэг, Афганистан, Монгол Улс болоод хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин, Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан гэсэн есөн оронд хийжээ. Судалгаанд хамрагдсан бүх улсын эрчим хүчний салбарт төрийн монополь ноёрхож, үнэ тарифыг зохицуулдаг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, улмаар дэвшилт технологи нэвтрүүлэхэд саад болж байгаа аж. Энэ тухай дээрх судалгааг НҮБ-ын захиалгаар Монголд хийсэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Товчхондоо, төрийн хэт оролцоо эрчим хүчний салбарыг алдагдалтай, хөрөнгө оруулалт татах чадваргүй болгодог ажээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад, Энэтхэг, Украин болон Казахстаны эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд нэлээд алдагдалтай ажилласан бол Узбекистаны үнэ тариф түлш, үйл ажиллагааны зардлаа ч нөхөж чадаагүй байна. Монголын хувьд 2009 онд эрчим хүчний салбар 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсныг 2010 онд Засгийн газраас орон нутагт 19.6, Төвийн бүсэд 15 тэрбум төгрөгийн татаас өгч байж нимгэлсэн байдаг.
Үргэлжлэлийг "Үндэстний Тойм" сэтгүүлээс
Эх сурвалж: "ҮНДЭСТНИЙ ТОЙМ" сэтгүүл