Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Өвгөн, хүү, илжиг 3

Ихэнх хүмүүс бусад хүмүүсийг шүүмжлэх дуртай байдаг.

Тухайн хүн зөв юм хийсэн ч, буруу юм хийсэн ч хамаагүй хүмүүс яаж ийж байгаад л шүүмжлэх зүйл гаргадаг.

Хэрвээ хэн нэгэн таныг шүүмжлээд, таныг муулах тохиолдолд та яаж ханддаг вэ? Би энэ тохиолдолд маш эмзэг ханддаг байсан. Аливаа зүйлд хүмүүс миний тухай муу юм ярьчих вий дээ, би шүүмжлүүлчих вий дээ гэдэг үүднээс ханддаг байсан.

Тийм ч учраас өөрийнхөөрөө байж нэг л чадахгүй,  юу ч хийсэн юу ч өмссөн заавал бусад хүмүүс юу гэх бол, бусад хүмүүст ямар харагдах бол гэдэг талаас нь боддог байсан. Аль болох бусдын бодол санаанд нийцэхийг хүсдэг байсан гэсэн үг. Энэ байдал намайг хаа ч хүргээгүй. Зөвхөн өөртөө гутрах, өөртөө итгэх итгэлээ алдах, айдас ихтэй болох, өөрийгөө үгүйсгэхэд хүргэж байсан.


Тиймээс би өнөөдрийнхөө бичээс дээр “Өвгөн, хүү, илжиг 3″ -ын сургамжит үлгэрийг оруулах хүсэлтэй байна.

Өвгөн, хүү, илжиг 3

Өвгөн, хүү, илжиг 3 хот орохоор явжээ. Өвгөн хүүгээ илжгэн дээр суулгаад, өөрөө хажууд нь илжгээ хөтлөөд явж гэнэ.

Замд таарсан хүмүүс хүүг хараад “энэ хүү ийм залуухан байж  илжгэн дээр суугаад, хөгшин хүнээр хөтлүүлээд явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж гэнэ.

Үүнийг сонссон өвгөн хүү 2 байраа солиод өвгөн илжгэн дээрээ суугаад, хүү хажууд нь илжгээ хөтлөөд явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс “энэ өвгөн илжгэн дээр суугаад ийм жаахан хүүгээр хөтлүүлээд явахаасаа ичдэггүй юм байхдаа” гэж байв.

Үүнийг сонссон өвгөн хүү хоёр нээрээ ч тийм юм уу гэж бодоод, хоёулаа хамтдаа илжгэн дээрээ сууя гээд хамтдаа илжгэн дээрээ суугаад явжээ. Тэгтэл замд таарсан хүмүүс ” хөөх энэ хоёр хоёулаа ганц муу илжгэн дээр суугаад, хөөрхий муу илжиг” гэж байх юм гэнэ.

Үүнийг сонссон өвгөн хүү хоёр илжгэн дээрээсээ буугаад, хоёулаа илжгээ өргөөд явахаар шийджээ. Тэгээд илжгээ арай гэж өргөөд хот орохын алдад гүүрэн дээгүүр гарч яваад илжгээ даахгүй унагаж орхижээ. Илжиг ч унаж, гүүр ч эвдрэн нурж, өвгөн, хүү, илжиг 3 гурвуулаа доош унаж гэнээ.

Тэгэхээр хүмүүс яадаг ч л байсан муу хэлэх , шүүмжлэх зүйлүүдийг гаргаж ирж байдаг. Нэг хүн муу хэлдэггүй юмаа гэхэд нөгөө хүн муу хэлж байдаг. Хэрвээ бид шүүмжлэх болгонд нь, муу хэлэх болгонд нь тэднийг сонсоод байх юм бол энэ үлгэр шиг л юм болно.

Тиймээс өөрийн бодол өөртөө зөв.

Хүн өөрийгөө үгүйсгэх болгонд өөрийгөө сонсох чадвараа алддаг.

Тиймээс өнөөдрөөс эхлээд, бусад юу гэх бол гэдэг бодлоо орхи. Өөрийгөө сонс.

Хүмүүс гадуур миний талаар ам сайтай байгаасай гэж боддоггүй хүн гэж бараг байдаггүй.

Хүн бүхэн л тэгж боддог.

Би ч бас тэгж боддог.

Гэхдээ өөрийгөө сонсох бүрт өөрийн зөн совин, мөн өөрийн жинхэнэ зүрх сэтгэлээс гарч ирж буй дуу хоолойгоо сонсож сурах чадвараа улам сайжруулдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.

Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй.  Мөн иймэрхүү бичлэгүүдийг имэйл хаягаар цаг тухайн үед нь хүлээн авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.

Хүмүүсийн бодол санааг сонсох дээрээ тулахад та ямар арга хэмжээ авдаг тухайгаа бусадтай хуваалцахыг хүсвэл  санал бодлоо доор үлдээгээрэй.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр

Эх сурвалж: http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж