Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 01 дүгээр сарын 12-нд
болж 20 гаруй асуудал хэлэлцэн Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр
байгуулах, Үлэг гүрвэлийн төв музей байгуулах, Үндэсний бахархалт шувуу
идлэг шонхрыг гадаадад гаргахыг хориглосон шийдвэр гаргалаа. Мөн Улсын
сайн малчин, тэргүүний тариаланчдыг шалгаруулж, өвөлжилт хүндэрсэн
аймгуудад шаардлагатай хөрөнгө гаргахаар боллоо.
Дархан-Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2015 онд барьж дуусгана
Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас
гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Шинэчлэлийн Засгийн газрын
2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий
шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Дархан-Уул
аймагт жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн
өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 2015 онд багтаан
дуусгах арга хэмжээг авч ажиллахыг Уул уурхайн сайдад, Дархан-Газрын тос
боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зээлийн хэлэлцээрийг Японы
холбогдох банктай энэ оны 2 дугаар сард багтаан хийхийг Эдийн засгийн
хөгжлийн сайд нарт үүрэг болголоо. Үйлдвэрийг түлхүүр гардуулах
нөхцөлөөр Японы “Тоёо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн
технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж
байгуулна. Тус үйлдвэр нь бензин шатахууны өнөөгийн үнийг 6-8 хувиар
хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа 4
жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоог хийжээ.
В.И.Лениний музей үлэг гүрвэлийнх болно
Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн
уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий
Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас
гаргалаа. Үүнтэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн
төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж
үзлээ. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн
хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний
музейгээс өөр байхгүй юм байна.
Тус музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны
захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын
түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ.
Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж байгаа түүх
соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозаврус, завролоф,
овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах зориулалтын байр
байхгүй байна.
Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн
үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим
бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм.
Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.
Идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаад оронд гаргахыг хориглолоо
Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглолоо
Манай оронд 2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг
шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна. Монголчуудын
түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах,
экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө
гэж Засгийн газар үзэж байгаа юм. Идлэг шонхор нь тал хээрийн
экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо
толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач
холбогдолтой.
Засгийн газраас идлэг шонхрыг хууль бусаар барих, гадаадад гаргахыг
завдах зэрэг сөрөг нөлөөлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг
сайжруулахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.
Малчдын хоршоог хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулна
Өнөөдөр манай улсад 310 гаруй мянган малчин, 40 орчим сая мал байна.
Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг бүрдүүлдэг бөгөөд
хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангадаг чухал
салбар юм.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малчид мал сүргээ өрхийн аж ахуйгаар
маллаж ирсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй уялдан ган зуд ойр
ойрхон давтагдаж малын хорогдол ихэсч, малчдын амьдралын баталгаа
хумигдаж байгаа энэ үед малчдыг сайн дурын үндсэн дээр хоршиж ажиллахыг
дэмжих нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг гол зорилт болж байна.
Малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг энэ оны эхний улиралд
багтаан боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн
сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт үүрэг болголоо.
Манай улсад 1380 гаруй хоршоо байгаагийн 545 буюу 40 орчим хувь нь
хөдөө аж ахуйн чиглэлийнх, нийт хоршооны дөнгөж 17 хувь нь 10 саяас дээш
төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Хоршоодын ихэнх нь хуучин
нэгдлийн суурин дээр бий болсон бөгөөд сүүлийн үед байгуулагдсан нь хэт
цөөхөн гишүүнтэй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, малчдад үйлчлэх талаар
учир дутагдалтай байгаа юм. Иймд орон нутгийн засаг захиргааны анхан
шатны нэгж болох хөдөөгийн багуудыг түшиглэн малчдын санал санаачилгаар
байгуулагдсан хоршоодыг бүх талаар дэмжиж ажиллуулах нь үр дүнтэй гэж
үзэж байна. Энэхүү хоршоодын зорилго нь малчдын орлогыг нэмэгдүүлэх,
орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөөгийн
иргэдийг ядуурлаас ангид байлгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
баталгаа бий болгоход чиглэгдэх юм.
Хаягжуулалтын тухай хуулийн төслийг дэмжлээ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хаягжилтын шинэчлэлийг хийхээр
заасны дагуу гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион
байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр Хаягжуулалтын тухай хуулийн
төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр
тогтлоо.
Уг төсөлд хуулийн зорилт, гудамж, талбай, үл хөдлөх хөрөнгийг
хаягжуулахад баримтлах зарчим, хаягжуулах ажлыг зохион байгуулахтай
холбогдох үндсэн зохицуулалтыг тусгасан байна. Хаягжуулалтыг зөвхөн
өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө, гудамж, талбайд
хийхээр тусгажээ.
Үнэн зөв, энгийн, ойлгомжтой, дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь
төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцөлийг
боловсронгуй болгоход ач холбогдолтой. Түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа
бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд
оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог
боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа,
үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад
хаягжилтын шинэчлэл чухал нөлөө үзүүлнэ.
Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай
хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.
Товч мэдээ
-
Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн тоо
хэмжээ, тээврийн зардалд 444 сая 225 мянган төгрөг, өвөлжилт хүндэрсэн
орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны
үйлчилгээг цаг алдахгүй хүргэх үүднээс зарим аймгийн Онцгой байдлын
газар, хэлтэс, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох УАЗ-31512 автомашин
16-г авахад шаардагдах 344 сая төгрөг нийт 788 сая 250 мянган төгрөгийг
Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. -
“Багануур” ХК-ийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, төрийн өмчит
дулааны цахилгаан станцуудад 2012-2013 онд өвлийн их ачааллын нүүрсний
нөөц бүрдүүлэх шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авахад
шаардагдах 18 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг Хөгжлийн банкны эх
үүсвэрээс зохих журмын дагуу олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайдад
даалгалаа. -
Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн
газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн
төслийг дэмжиж, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалах
яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
З.Болдбаатарт олголоо. -
Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар,
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар
хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг тус улсад суугаа Элчин сайд
А.Ганбаатарт олгололо. -
УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн
саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо. -
Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Төрийн
өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид тодорлоо
Жил бүрийн Сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний
тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай.
Шилдгүүдийн нэрс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тодорлоо.
Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдыг энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо урьж, шагналыг нь гардуулах юм байна.
Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын
бүлэг, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний тариаланч хамт олноор
дараах хувь хүн, хамт олон шалгарчээ.
Улсын сайн малчин
-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Очирын
Ванданцэрэн, Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Банзадын
Пүрэвжав;
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн малчин Баймухаметын
Талгат, Алтанцөгц сумын Хаш багийн малчин Жумагажын Аманбек;
-Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн малчин
Цагаанхүүхэний Бавуудорж, Галуут сумын Үнэгт багийн малчин
Лувсан-Ёндонгийн Баатарцогт, Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн малчин
Уухааны Мэндбаяр;
-Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багийн малчин Доржийн
Лавмэдэх, Могод сумын Жаргалант багийн малчин Нямын Чулуунбаатар, Сайхан
сумын Сайхан-Овоо багийн малчин Шагдарын Дамдинсүрэн;
-Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн малчин Сэр-Одын
Дүйнцэнсүрэн, Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Самдангийн
Даваажав;
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Жалцавын Хүрэлбаатар;
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Дэрэмийн
Бадгар, Сайхандулаан сумын 3 дугаар багийн малчин Доржийн Чулуунбат;
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Хийрэвийн Басан;
-Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Балжиннямын Балдорж;
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Үржингийн
Чимид-Очир, Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин Галягийн Бүдсүрэн;
-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин
Балданноровын Энх-Амгалан, Ургамал сумын Баян-Улаан багийн малчин
Банзрагчийн Шагдаржав, Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин
Жорхооны Чойжилжав;
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Даваажавын Бат-Очир;
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Лувсанчүлтэмийн
Цэдэнбалжир, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Гомбожавын Золжаргал,
Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Найгалын Төмөрбат;
-Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин Чисрэнгийн Одбаяр;
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн малчин Сумъяагийн
Хүрэл-Эрдэнэ, Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав,
Халзан сумын 3 дугаар багийн малчин Жамбын Мөнхсүрэн;
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Лхамаахүүгийн Батням;
-Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн малчин Ням-Осорын Мөнхтөр,
Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Санжаажавын Зул, Сэргэлэн сумын
Хөшиг багийн малчин Жамъяандоржийн Монхор;
-Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Цээсүрэнгийн Цэндээ, Тэс
сумын 1 дүгээр багийн малчин Гомбожавын Дорж, Зүүнговь сумын Өгөөмөр
багийн малчин Тогоонямын Төгсжаргал;
-Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дэжидийн Дашням, Дуут
сумын Хөхбэлчир багийн малчин Бямбажавын Амгаланбаяр, Зэрэг сумын Бураа
багийн малчин Довдонгийн Сүхбат;
-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн малчин Санжжавын
Давааням, Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн малчин Лааганы Шаравдорж,
Баянзүрх сумын Эмт багийн малчин Пүрэвжавын Мягмаржав;
-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Юмжавын Чулуун,
Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Намжилдоржийн Баатардагва
2. Улсын тэргүүний фермер
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Пүрэвсүрэнгийн Сосор
3.Улсын тэрүүний малчдын бүлэг
Төв аймгийн Аргалант сумын 2дугаар багийн “Бяцхан” малчдын бүлгийг “Улсын тэргүүний малчдын бүлэг”
4. Улсын тэрүүний тариаланч хамт олон
– Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Көкөнис” хоршоо;
– Булган аймгийн Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Ургац хүдэр” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Сант сумын “Монгол газар шим” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК;
– Төв аймгийн Жаргалант сумын “Хад хөшиг” ХХК;
– Төв аймгийн Сүмбэр сумын “Таван-Эрдэнэ групп” ХХК;
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Өндөрхаан” ХК
5. Улсын тэргүүний тариаланч
-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Од-КР” хоршооны агрономич Самдангийн Янжинлхам;
– Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Битикийн Музикан;
– Булган аймгийн Сэлэнгэ сумын ногоочин Баасанжавын Бадрах;
– Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Долгорын Цогт-Очир;
– Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Шоохорын Банди;
– Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Доржнамжилын Доржбат;
– Дорнод аймгийн Баяндун сумын ногоочин Аюушийн Өлзийсайхан;
-Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК-ийн механикжуулагч Доржготовын Хуяг;
-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Даваадагвын Батзориг;
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Нямжавын Хишигсүрэн;
– Төв аймгийн Борнуур сумын ногоочин Дайдангийн Очирхүү;
-Төв аймгийн Жаргалант сумын механикжуулагч Лхагвацэрэнгийн Бүрэнхишиг;
-Төв аймгийн Жаргалант сумын ногоочин Жамъянхорлоогийн Баатарсүрэн;
– Увс аймгийн Тариалан сумын ногоочин Өнөрбаянгийн Агваандорж;
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ногоочин Лхаажавын Сарантуяа;
-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Пүрэвсэлэнгийн Баярмагнай;
-Ховд аймгийн Ховд сумын ногоочин Бурылбайн Адилхан;
-Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Шудаханы Илкен нарыг тус тус шалгарууллаа.
”Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын
бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт
олон”-оор шалгарсан малчид, тариаланчид, иргэнийг орон нутгаас нийслэл
хотод ирэх, буцах унааны болон хотод байрлуулахад шаардагдах хөрөнгийг
Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.