“Эрдэнэт” олон улсад хувьцаа гаргах бүрэн боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” олон улсад хувьцаа гаргах бүрэн боломжтой гэв

Өнөөдөр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож буй монгол компани тун цөөн. “Петро Матад”, “Хүннү коул” гэхчилэн ганц хоёрхон компаниар хөрөнгө босгогч үндэсний тодотголтой компани дуусдаг. Харин Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд Торонто, Лондон, Гонконг, Нью-Йоркийн биржүүд дээрээс өдий төдий мөнгө босгоод амжжээ. Үйл ажиллагаа нь жигдэрч амжаагүй хэр нь гадныхан хөрөнгө босгоод байхад ашиг орлого нь хэдийнэ олонд танигдсан Эрдэнэт яагаад хөрөнгийн биржид гардаггүй вэ гэсэн асуулт урган гарах нь мэдээж. Бид энэ талаар Монголын Олон улсын хөрөнгийн корпорацийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнээс товч хариулт авлаа.
-Манай үндэсний ганц том үйлдвэр гэж тодотгож болох “Эрдэнэт” УБҮ олон улсын зах зээлд гарах бүрэн  боломжтой гэж би хувьдаа боддог юм. Эрдэнэтийг ашиглаж эхлээд 30 жил болж байгаа. Ашиг орлого бүх юм нь тодорхой. Дахиад 25 жилийн нөөцтэй гэхчилэн Эрдэнэтэд давуу тал маш их бий. Гагцхүү маркетинг л дутагдаад байгаа юм. Ашиглалт олборлолт нь эхлээгүй, нөөц нь ч бүрэн тогтоогдоогүй, хайгуулын шатандаа яваа компани хөрөнгө босгоод   байна гэдэг маркетингийн давуу талаа ашаиглаж байна гэсэн үг. Дэлхий нийтэд тухайн компанийг таниулна гэдэг нөр их хөдөлмөр. Гэвч ийм чадвартай хүмүүс олон байна. Тэдний нэг “Айвенхоу майнз”-ын Фрийдланд. Дэлхийд Оюутолгойн ордыг таниулж чадсан энэ эрхмийн хөдөлмөрийг бахдахаас аргагүй. Эрдэнэтэд ийм хүн байх аваас хөрөнгө босгох боломж хангалттай бий.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросууд эзэмшдэг. Хөрөнгө босгоход энэ саад болох уу?

-Одоогоос хэдэн жилийн өмнө бид “Эрдэнэт”-ийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах талаар ярилцаж үзсэн. Оросын талын хувь эзэмшигчдийн зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин ч тэд хоёр тал өөрсдийн эзэмшлийн хувиасаа тус бүр 10 хувиа хөрөнгийн зах зээл дээр гаргая гэсэн санал  дэвшүүлсэн байсан. Харин манай тал үүнийг дэмжээгүй.

-Энэ нь манайхан хөрөнгө босгох талаар бүрхэг ойлголттой байдагтай холбоотой юу?

-Нэлээд хэдэн жилийн өмнө учир нэг талаас тэгж дүгнэж болно. Нөгөө талаас Монголын талын 10 хувийг Оросууд худалдаад авчихна гэж болгоомжилсон юм билээ.

-Байж болох л болгоомжлол юм биш үү?

-Олон улсын хөрөнгийн зах зээлийн дэг жаяг, шалгуур маш нарийн байдаг. Аль нэг тал нь 5-аас дээш хувийг худалдан авахаар бол заавал мэдэгдэхийн дээр мэдэгдэлгүйгээр ийм үйлдэл хийсэн бол худалдан авсан хувьцааг нь хүчингүй болгох зэрэг нарийн дэглэмтэй байдаг гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж