НҮБ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

НҮБ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 2012 онд өмнөх жилтэй харьцуулахад долоон хувиар буурсан тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас мэдээлэв.  
       
FAO-гийн мэдээллээр өнгөрсөн онд хамгийн ихээр хямдарсан бүтээгдэхүүн нь элсэн чихэр (17,1 хувиар), сүүн бүтээгдэхүүн (14,5 хувиар), ургамлын тос (10,7 хувиар) гэнэ. Мөн үр тарианы үнэ 2,4 хувиар, мах 1,1 хувиар тус тус хямдарчээ.

2012 оны дүнгээр хүнсний түүхий эдийн нэгдсэн индекс 212 пункт хүрсэн байв. Арванхоёрдугаар сард индекс 209 пунктийг зааж байсан бол долдугаар сард АНУ-д гантай байсны улмаас тэр нь 213 пункт хүртэл өссөн байв. Харьцуулахад энэ индекс 2011 оны хоёрдугаар сард 238 пунктыг зааж байжээ.

Нэгдүгээр сарын 10-нд Британийн The Institution of Mechanical Engineers (IME) хүрээлэн илтгэл гаргасан бөгөөд түүнээс харвал дэлхийд үйлдвэрлэсэн хүнсний нийт бүтээгдэхүүний 30-50 хувь нь  буюу 1,2-2 тэрбум тонн нь үр дүн муутай ургац хураалт, хадгалалт болон тээвэрлэлтийн улмаас хог болон хувирч байна.

IME тооцоолсноор, АНУ ба Европын орнуудын худалдан авч байгаа хүнсний бараг тал хувь нь хэрэгцээ хангахгүй учир хаягддаг ажээ. Эдгээр хэнд ч хэрэггүй хүнсийг үйлдвэрлэхэд 550 тэрбум шоо метр ус зарцуулагдаж байна. Илтгэгчид үүссэн энэ байдал нь дэлхийн хүн ам зогсолтгүй нэмэгдэж байгаа өнөө цагийн эмгэнэл гэжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж