Үйлдвэрлэгчид болоод худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүний үнэ ханшаа нэмэх гол шалтаг нь шатахууны үнэ байдаг. Тэгэхээр тэд тээврийн зардлаа өсгөж тооцоод алдагдал хүлээхгүй уснаас хуурай гарчихна. Харин эгэл та бидний л тоолдог хэдхэн төгрөг өдөр, цагаар үнэгүйдэж эхэллээ. Монгол Улс шатахуунаа зуун хувь импортоор оруулж ирдэг. Энэ нь үнэ ханшны өсөлтөд хамгийн ихээр нөлөөлж байгааг хэн хүнгүй ярьсаар өнөөдөртэй золгосон. Харин байдал дээрдсэнгүй. Үнэ ханш улам л өссөөр. Дотооддоо үйлдвэрлэлээ эхлүүлэхгүй юмаа гэхэд шатахуун оруулж ирэх орны тоог олшруулахгүй өдий хүрсэн хөөрхийлөлтэй байдал шатахуун импортлогчдод л хамгийн ашигтай тусч байгаа юм. Тэд хүссэн үедээ үнээ нэмнэ. Үнэ нэмсэн нь шударга бус байлаа ч ногдуулсан төлбөр, торгуулийг төлөхгүй гүрийнэ. Айлгаж байгаад бага хүүтэй зээл авна. Амласнаасаа буцна. Оросууд үнэ ханшаа өсгөдөг нь үнэн. Гэхдээ тэд зарим үед үнээ буулгадаг. Харин манай импортлогчид тэр чигт нь барьж орхино. Авах юмгүй “ааштай” тэднийг “Алтан загасны эмгэн”-тэй зүйрлэмээр.
Уг нь Засгийн газар шатахуун импортлогчдын “зовлон”-г нимгэлэх гэсэндээ 120 сая ам.долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр олгосон. Жилийн 1,8 хувийн хүү гэдэг бол хаана ч байхгүй бага хүү. Ийн зээл олгосноор шатахууны үнийн өсөлт литр тутамдаа 40-50 төгрөгөөс хэтрэхгүй гэж Засгийн газар итгэсэн. “Литр тутамд 210-250 төгрөгөөр нэмэгдэж болох байсан үнийн өсөлтийг 50 төгрөгт барилаа” хэмээх сайхан үгийг оргилуун дарсны даруулга болгож байсан эрх баригчдын үсэрсэн шүлс хатаж амжаагүй байхад шатахууны үнэ шинэ он гармагц дахин 50 төгрөгөөр нэмэгдээд байна. Авсан зээлээ ч ашиглаж эхлээгүй байхдаа амласнаасаа буцсан импортлогчдыг хэрхэхээ О.Магнай дарга мэдэхгүй мэл гайхаж хоцров.
Дэлхий нийтийн жишгээр бол бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-4 хувьтай тэнцэх хэмжээний нэг төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авч байгаа бол эрсдэл өндөртэй, тав болон түүнээс дээш хувьтай тэнцэж байвал маш их эрсдэлтэйд тооцдог гэнэ. Гэтэл манай улсын шатахуун импортын хэмжээ ДНБ-ий 13 хувьд хүрч, нийт импортын 22 хувийг эзэлж байна гээд бод доо. Аюултай байгаа биз.
Өнгөрсөн оны наймдугаар сард “Роснефть” компанитай хийсэн гэрээнд жилд 660 мянган тонн бүтээгдэхүүн авахаар тохиролцжээ. Ингэхдээ нэг тонн А-80 бензинийг 1101, А-92 бензин 1301, дизелийн түлш 1061 ам.доллар байхаар тохирсон төдийгүй шатахууны төлбөрийг зуун хувь төлж байсан. Энэ гэрээ 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байгаа. Хэрэвзээ Орос улс нефтийнхээ экспортын татварыг нэмж орхиогүйсэн бол бид энэ оныг дуустал санаа амар аж төрөх байжээ. Нийт шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг болохоор тэр шүү дээ. Үлдсэн тавхан хувийг Хятад, БНСУ, Белорус, Казахстанаас авч байгаа болохоор Оросоос шатахуун нийлүүлэгчид монополь байхаас ч аргагүй. Импортлогчдын тоо ч бараг л гарын 10 хуруунаас хэтрэхгүй. Ядаж байхад тэд амь нэгтэй. Нэг нь нөгөө рүүгээ утас цохих төдийд л нийслэлд төдийгүй Баян-Өлгий, Дорнодод нэгэн зэрэг үнэ нэмэгдэнэ.
Нефтийн бүтээгдэхүүн олборлоод хориод жил болж байгаа ч үйлдвэрийнхээ суурийг ч тавьж амжаагүй одоогийн нөхцөлд ядаж импортлогчдынхоо тоог нэмэгдүүлэхсэн. Өөрийгөө болоод гэрээ засчихаад эх орноо засахсан гэсэн чин сэтгэл өвөрлөн яваа аавын хүү, ээжийн охин олон байдаг. Тэд улстөрийн ороо бусгаа ертөнцөд бус, ашиг хонжоо харсан мөрийтэй тоглоомонд ч биш эгэл түмэндээ хэрэгтэй зүйлийг хийе гэж бодож байгаа бол үгсэн хуйвалдахдаа гаршсан импортлогчдын дунд орж хандыг нь хага дараад өгөөсэй. Жилээс жилд хэрэглээ нь өссөөр байгаа шатахууныг үйлдвэрлэхэд хөрөнгө хүчээ зориулах зоримог нэгэн байж л таараа. Уг нь бизнесийн алтан дүрмээр бол хэрэглэгч хаан суудалтай. Харин шатахуун нийлүүлэгчдийн хувьд боол болж орхисон. Үүнийг л өөрчлөхсөн.