Хилэгнэл
Энэ бүх хэрэг явдал 23 настай оюутан бүсгүйд тохиолдсон харамсалтай хэргээс үүдэлтэй. Түүнийг Нью-Дели хотод зургаан залуу бүлэглэн хүчирхийлж, зэрлэгээр зодсон билээ. Эмнэлгийн дүгнэлтээс харвал түүний өлөн гэдэс болоод умай гэмтсэнээр барахгүй зэрлэгээр зодсон нь тодорхой болов. Энэ бүх хэрэг явдлын дараа Энэтхэг үндэстнээрээ босч эхэллээ. Энэтхэгийн иргэд засгийн газраасаа эмэгтэйчүүдийг хэрхэн хамгаалдаг вэ гэх хамгийн том асуултыг асууж эхэлсэн юм. Харин Энэтхэгийн төр засгийн зүгэээс одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 2011 оны судалгаагаар л гэхэд тус улсад 220 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэг нь тоорхой болсон юм. Зөвхөн бүртгэгдсэн нь энэ боловч энэтхэгийн жирийн амьдралд чухам хэдэн хүн өртдөг вэ гэдэг нь тааварлаж боломгүй зүйл. “Тоо, томшгүй олон хэрэг бий гэдэг нь тодорхой. Манай байгууллагад жил бүр 200 мянгаас илүү хүн бэлгийн болоод бусад хүчирхийлэлд өртлөө гэж ирдэг. Бид чадах ядхаараа л туслахыг хичээдэг боловч тэр бүр хүндээ хүрч үйлчилж чаддаггүй” гэж Эмнести Интернейншл олон улсын хүний эрхийн байгууллагын Энэтхэгийн салбарын эрхлэгч Ананд Гурусвами ярьжээ. Хамгийн гол нь тус байгууллагад ирүүлдэг захианууд хамгийн сэтгэл өвтгөм байдаг аж. Нью Дели тэргүүтэй Энэтхэгийн томоохон хотод эмэгтэйчүүд тайван алхаж, гудамжаар зугаалж чаддаггүй гэдгийг илэрхийлэг байна. Хамгийн гол нь цагдаа нар зарим хэргийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг гэдгийг төрийн бус байгууллага болоод иргэд нь баталдаг. Гэхдээ үүнийг хэрхэн өөрчилж чадах вэ?
Чөдөр
Авилгын индексээр дэлхийд 94 дүгээрт бичигддэг. Төрийн хүнд суртал түүхийн аль ч цаг үед Энэтхэгийн “шүдний өвчин” байсаар ирсэн. Гэсэн ч төрийн түшээд нь үүнийг засахыг хүсдэггүй. Тэртээ тэргүй төрийн бүх л шатанд авилга, хүнд суртал газар авсан болохоор, үүний эсрэг зоригтой зогсох хүн байхгүй болохоор тэр. “Энэтхэгийн хууль ямар байна, цагдаа нар хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа зэргээс тодорхой харагдлаа. 23 настай оюутан охины эмгэнэлт хэрэг л чухам энэ бүх зүйлийг ард иргэдэд нь тодорхой болгосон хэрэг л дээ. Гэхдээ үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна” гэж Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагын төлөөлөгч Глориа Штайнем ярьжээ.
Сүүлийн 10 жилийн турш Энэтхэгт тэрбумтнуудын тоо 20 гаруй хувиар өсчээ. Ихэнх нь төрийн түшээдийг гартаа авсан, бизнесийн монополь бүлэглэлүүдийн төлөөлөл байдаг. Зарим тэрбумтнууд нь аль хэдийнэ төрийн сэнтийд заларчээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас энэ үзүүлэлтээ буулга гэсэн зөвлөмж илгээдэг ч өдийг хүртэл авилга, хүнд суртлын хувь нь буураагүй юм.
Бас нэг сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байгаа нь цагдаа нарын хүнд суртал. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзвэл Энэтхэгт бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн зөвхөн 10 хувь нь л илэрдэг аж. Дээр дурьдсан хэрэг дээр ч гэсэн цагдаа нарын хангалтгүй байдал нөлөөлсөн гэж үздэг. Тиймээс ч Нью Делигийн цагдаагийн газрын өмнө олон арван энэтхэгчүүд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ.
Зөвхөн энэтхэг ч биш
Яг энэ хэрэг явдлын дараа лалын шашинтай гэгдэх Египетэд ч, бурхны шашны хатуу дэг жаягтай Балба улсад ч хүчирхийллийн гэмт хэргийг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд өрнөж эхэллээ. Египет улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд засгийн газартаа асуулга хүргэжээ. Сүүлийн гурван жилийн туршид гарсан хүчирхийллийн гэмт хэргийн тоог, амиа алдсан эмэгтэйчүүдийн тухай мэдээллийг олон нийтэд ил болгохыг хүссэн аж. Өнгөрсөн долоо хоногт Азийн Балба хэмээх жижиг улсад ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Сарнай” хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Балбын тухайд гэмт хэргийн тоог албан ёсоор бүртгэдэггүй ч олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаас харвал жилд 10 гаруй удааагийн хүчирхийлэл үйлдэгддэг байна.
Голландад төвтэй эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаас ирэх сарын 14-ний өдрийг “V” өдөр буюу эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах өдөр болгон тэмдэглэх уриалга гаргажээ. Тэдний судалгаанаас үзэхэд баруун болон зүүн европийн улсад сүүлийн таван жилийн дотор бэлгийн хүчирхийлэл 10 хувиар нэмэгдсэн судалгаа гарсан байна.
Ийнхүү бэлгийн хүчирхийллийн эмгэнэлт гэмт хэргийн дараа Энэтхэг даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд энэ нь энэтхэгийн үндсэн хуульд хүртэл нөлөөлөл үзүүлэх магадлалтай байна. Гэхдээ засгийн газрын зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Харин дэлхийн бусад улс оронд эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах олон арван хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Хамгийн гол нь Энэтхэг улсад зөвхөн энэ хэргээс болж төрийн хүнд суртал, авилга, хахууль, бохир цагдаа нарын хэрэг шийдэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй.