Сэтгэгдэлд баяртай гэх ёстой юу

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Сэтгэгдэлд баяртай гэх ёстой юу

…………………………………………………………………………………………………………………………..
…………………………………………………………………………………………………………………………..

Чухам
юуг илэрхийлэх гэж буй нь үл мэдэгдэх баахан цэг танд ямар харагдаж
байна. Мэдээж гоё харагдахгүй байгаа нь лав. Энэ зайнд уг нь юм бичих
ёстой. Гэтэл хаачив…?

Сэтгэгдэл.
Та сэтгэгдлээ огт илэрхийлж чадахгүй бол яах вэ? Тэр сэтгэгдлийг чинь
хэн нэгэн хүн албан хүчээр хязгаарлах гээд байвал яах вэ? Дарга Готов
иргэн Доржийн амыг таглаад байвал яах вэ? Эрүүл ухаантай л бол ямар ч
хүн үүнийг тэвчихгүй нь мэдээж. Гэтэл яг үүнтэй ижилхэн алхмыг Монгол
Улс хийх гэж байна. Цахим хуудасны сэтгэгдлийг төр мэдэлдээ авна. Эрхэм
уншигч таны эрхийг хязгаарлах тийм л шийдвэрийг батлах гэж байна.

Цахим
хуудас дэлхийд тархаж байсан цаг үетэй Монгол Улсад ардчилал ялж байсан
тэр цаг үе давхацдаг. Угтаа дэлхийд хэний ч хязгаарлаж болохгүй эрх
чөлөө мандаж байхад, Азийн Монголд ардчилал мандаж байж. Бид хүний эрх,
эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлооно
гэж итгэсэндээ тэмцэж, жагсч, өлсч, хүйтэнд хөрч, халуунд халж байж энэ
эрхээ олж авсан. Авсан ч гэж дээ авахыг оролдсон. Гэтэл 20 гаруй жилийн
нүүрийг үзсэн ардчилал шийдвэрээсээ улам бүр ухрах алхам хийхийн учир юу
вэ. Өнөөдөр эрх баригчид Засаг төрийн бүх мэдээллийг нууцын зэрэглэлд
хамааруулах гэж, сэтгүүлчдийг цаг тутам цагдан хорих гэж, уншигчдын
бичсэн сэтгэгдлийг хянах гэж улайрах болсон. Энэ жинхэнэ ардчиллын мөн
чанар гэж үү?

Тухайн мэдээлэл доор иргэд сэтгэгдэл бичихэд хэн
хохирох юм бэ? Жишээлбэл, эрхэм УИХ-ын гишүүдийн мэдээлэл дор “хороондоо
юм хийгээч”, “Улсын мөнгө идэхээ боль”, “Дандаа ингэж худлаа ярьж байх
юм” гэж бичихэд юуны буруу байна. Яахав бүдүүлэг үг хэллэг гэдгээ хасч
тооцвол шүү дээ.

Төр сайн менежер биш. Энэ бол нотлох албагүй
үнэн. Үүнийг түүхийн шарласан хуудсууд бэлхнээ харуулна. Архидалттай
хуурай хуулиар тэмцэж, үр дүнд нь АНУ яасан бэ? Ирээдүйд засч залруулж
боломгүй тийм бүлэглэлийн үр үндсийг энэ л хууль тавьжээ. Энэ бол
1920-иод оны үйл явдал. Харин өнөөгийн Монголд сэтгэгдлийг хянахыг
яагаад улайраад байна. Сэтгэгдэл бичигчид төрд ямар саад бэрхшээл
учруулаад байгаа вэ? Тэд зам бариулахгүй, шийдвэр гаргуулахгүй, бүр
эсвэл үлэг гүрвэлийн ясыг нь зөөж давхиад байгаа юм уу? Эсвэл тэд
өөрсдийнхөө гэм хийснийг ард түмнээс нуух гээд байна уу?

Сэтгэгдэл
бол  чөлөөт талбар. Нэг ёсондоо уншигчдын орон зай. Яг үүгээрээ бусад
хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгардаг. Өөрөөр хэлбэл уншигчид шууд
оролцож болно. Өөрөөр хэлбэл, эрх чөлөөт талбар. Телевиз, радио утсаар
үзэгч, сонсогчдын саналыг асууж болох ч цахим хуудсанд байдаг шиг тийм
эрх чөлөөг олгохгүй. Үүгээрээ цахим сэтгүүл зүй гэх сэтгүүл зүйн шинэ
салбарыг үүсгэж чадсан. Энэ нь ч олон нийтийн таашаалыг хүртэж, өдгөө
хамгийн хүчтэй салбар болон хувирчээ.

Сэтгэгдлийг хянаж байгаа
орнууд байна. Сэтгэгдэл бүү хэл компьютерийг хүртэл эсэргүүцдэг Хойд
Солонгос, элдэв зүйл бичихийг нь хааж боодог Куба, Венесуэль, Хятад.
Засаглалын эсрэг хандсан шүүмжлэл, засаглалыг нь хэврэгшүүлдэг гэж тэд
эндүү  боддог болохоор тэд иймэрхүү арга ядсан замыг сонгодог ажээ.
Угтаа бол шүүмжлэл байгаа газар эрүүл, шүүмжлэлийг давж чадсан нь
хүчирхэг байдаг билээ л. 

Тэгвэл бусад орнуудад яадаг вэ гэдгийг
харах гээд ородъё л доо. Жишээлбэл, Их Британи улс тухайн сайтад
сэтгэгдэл хянах боломжийг олгодог. Угтаа төр биш тухайн цахим хуудсыг
эрхлэн гаргагч байгууллага сэтгэгдлийг тусгай оператораар шүүж бүдүүлэг,
ёс суртахуунгүй үг хэллэг хэрэглэсэн, бусдыг айлгаж, гутаан доромжилсон
сэтгэгдэлийг л блоклодог аж. Барууны бусад орон ч энэ л зарчмыг
баримталдаг. Түүнээс биш бүх сэтгэгдлийг хааж боодог муйхар арга
хэрэглэдэггүй. Лав л Монгол шиг оронд. Хэрвээ сэтгэгдлийг хянах нь тийм л
чухал байгаа юм бол тухайн цахим мэдээллийн хэрэгсэлд нь л боломж олго л
доо. Яг ийм арга хэрэглэж байсан улсууд өчнөөрөөрөө байхад яагаад
“шпи”-дчихэж болохгүй гэж.

P.S. “Хүмүүс зөв зүйлийг бодож,
мэдрэхийг хичээдэг. Түүнийг хориглох хэрэггүй ингэснээр өөр олон зөв
санаа төрдөг” Жон Сьюарт Миль

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж