
Зарим сургуулийн оюутнуудын виза картыг Монголын оюутны холбоо одоо хүртэл гаргаж өгөөгүй, Монголын цахилгаан холбоо компани интернэтийн төлбөрөө буурууллаа хэмээн сурталчилсан ч бодитоор хэрэгжүүлээгүй, хурд нь ч хэвээрээ байгаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд 20 гаруй хүүхэд шар өвчнөөр өвчилсөн зэрэг мэдээллийг иргэд хэлжээ. Мөн иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээ хүргэдэг хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн эмч сувилагч, замын цагдаа зэрэг албан хаагчдын мэдлэг боловсрол, ажлын хариуцлага, ёс суртахуунд анхаарах шаардлагатайг олон иргэн сануулсан байна.
Насанд хүрч, асрамжийн газраас гарсан өнчин хүүхдүүдэд улсаас үзүүлдэг тусламжийн талаар лавласан нь энэ долоо хоногийн хамгийн шинэлэг асуулт байсныг Засгийн газрын хэвлэлийн албаныхан онцолжээ. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэхээр жилд нэг удаа 1,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог ч эдгээр хүүхдүүд амьдралд хөл алдах нь цөөнгүйг мөн сануулсан байна.