Энэ долоо хоногийн эдийн засгийн онцлох үйл явдал нь хоёрдугаар сарын 8,9-нд Төрийн ордонд болсон Монголын эдийн засгийн чуулган байлаа. Чухал ач холбогдолтой, үр дүнтэй хурал боллоо гэж зохион байгуулагчид болоод чуулганд оролцогсод дүгнэж байгаа. Тайзны дэгжин засалт, шуурхай зохион байгуулалт, сонирхолтой хүлээн зөвшөөрөгдсөн салбар хуралдааны хөтлөгчдийн өдөөх асуулт, гол сюрприз болсон дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо де Сотогийн илтгэл гээд хэлбэрийн хувьд сонихон болсон чуулга уулзалтын гол үр дүн юу байв аа гэдэг асуулт мэдээж тавигдана. Үүнийг оролцогчид сайд дарга нар индэр дээр “занхайж”, хуурай илтгэл тавих юм уу, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн хэчнээн сайхан уулзалт зохион байгуулсан ч төрийн албатнууд “гийгүүлж” ирдэггүй, хаданд хашгирсан цуурай мэт өнгөрдөг байсныг бодохул төр, төрийн бус байгууллагынхан, судлаач шинжээчид нэг зиндаанд зангиагүй уулзсанаараа онцлог гэж буй. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы салбар хуралдаанаар яригдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан алга. “Хаалганы завсар”-аар сонссон оочин чоочин мэдээллийг эс тооцвол шүү дээ. Үүнийгээ зохион байгуулагчид оролцогчдын анхаарлыг телевизийн камер, сэтгүүлчийн диктифоны өмнө сатааруулахгүй тулд гэж тайлбарласан. Энэ дагуу салбарын асуудлуудаа “чөлөөтэй” ярьж чадсан бол энэ нь шийдвэр гаргах төвшинд ямар нөлөө үзүүлэх бол гэдэг нь чухал. Харин энэхүү чуулга уулзалт анхных учир талуудын санал бодлыг сонсох. Хэдийгээр санал бодол болгоныг шийдвэр гаргах төвшинд ажил хэрэг болгож чадахгүй ч гэсэн хэтийн төлөвлөлтөд хэрэг болно гэж найдаж байгаа аж, зохион байгуулагчид. Энэхүү чуулга уулзалтыг жил болгон зохион байгуулах учраас дараа жил өмнө яригдсан санал, сэдвүүд хэрхсэн, ямар алдаа оноо байсан, юуг нь амьдралд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж чадаагүй бол яагаад? гэсэн асуултыг тавьж болох нь л чуулганы гол ач холбогдол болоод “үр дүн” байх бололтой.
“Монголын эдийн засгийн уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ” гэсэн асуултаар зарим хүний байр суурийг сонслоо
Эдийн засагч Д.Жаргалсайхан: ЯГ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙГААГҮЙ
-Монгол Улсад тулгамдаж буй зургаан чухал асуудлаар төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийнхөн ямар санаа бодолтой байгаагаа ярилцаж, сонссон асар том үзэл санааны хэлбэрийг бий болгох, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад маш чухал баримт материал бэлтгэх ажлын эхлэл боллоо. Үүнийг дагаад маш их судалгааны материал хийх, хүмүүсийн ярьсан, хэлсэн санал бодлыг задлан ярилцах хэрэгтэй.
-Өмнө нь бид бие биеэ хангалттай сонсч, санал бодлоо солилцож байсан биз дээ?
-Яг ийм хэмжээний уулзалт бол болж байгаагүй шүү дээ. Төр засгийнхан оролцоод, сайд нараа зааланд суулгаж байгаад байцааж ярилцсан ийм уулзалт болж байгаагүй.
-Шийдвэр гаргах төвшинд ямар нөлөө үзүүлэх бол?
-Шийдвэр гаргагчдад ямар хэмжээний мэдээлэл очиж байна гэдгээсээ хамаардаг. Сонин хэвлэлээс унших нэг хэрэг. Энд бол таагүй гэж хэлж болохоор олон хурц асуудлыг ярилаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: ЯВЦ ДУНД ЗАЛРУУЛАХ, ХИЙХ АЖИЛ ЗӨНДӨӨ
-Монголын эдийн засгийн чуулга уулзалт бол хэлбэр агуулгын хувьд шинэ, эдийн засгийн тулгамдсан болоод хэтийн асуудлыг өргөн хүрээнд авч үзсэн, үндэсний зөвшилцлийн хэмжээний гэж хэлж болохоор арга хэмжээ боллоо. Үр дүн гэж шууд хэлэхэд хэцүү. Энд яригдсан асуудлуудыг шийдвэр гаргах төвшинд авч хэрэгжүүлж, үр дүн гарсны дараа яригдах асуудал. Гэхдээ энэ бол хойш нь тавих хэтийн асуудал биш. Нийгмийн хөгжлийн процесс явагдаж байхад явц дунд нь тодруулах, залруулах, хийх ажил зөндөө. Их олон санаа яригдсан. Нэг хэсгийг нь шууд хийж хэрэгжүүлж байхад нөгөө хэсгийг нь боловсруулж, сайжруулж хэлэлцэж болно гэж бодож байна.
“Жамп” компанийн захирал Л.Цэрэндаваа: ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙНА
-Маш их эерэг үр дүн хүлээж байна. Нэг хуультай, өөрөөр хэлбэл хууль тогтвортой байж, ажлаа явуулъя гэдгийг л мөрөөдөж байна. Үр дүнд хүрнэ гэж мөрөөдөж байна. Ер нь их итгэлтэй байна шүү.
-Мөрөөдөж байна гэдэг үг арай л итгэлтэй бус сонсогдож байна?
-За тэгвэл үр дүн гарна гэж итгэлтэй байна.
Хуульч М.Ичинноров: БИД ИХ ЗҮЙЛ ЯРЬДАГ, ХИЙХ Л ҮЛДЛЭЭ
-Зарим хүмүүс шоу маягийн арга хэмжээ гэж ярьсан байж болно. Би бол тэгж үзэхгүй байна. Энд маш олон асуудлууд, тухайлбал улсын бүртгэлийн шинэчлэлийн асуудалд гэхэд олон шинжээч оролцож ярилаа. Анх удаа хувийн хэвшлийнхэн, хууль тогтоогчид, иргэний нийгмийнхэн, судлаач, шинжээчид бүгд хамтдаа суугаад нэг асуудлыг маш олон өнцгөөс нь шүүж ярилцлаа. Жишээлбэл, ногоон эдийн засгийг хөгжүүлье, зөвхөн тусдаа нэг асуудал биш, бүх л салбарт анхаарч байх бүтэц болгоё, ногоон экологио аварч үлдэх нь эдийн засгийн гол зарчим байх ёстой гэх мэт агуулгын хувьд ч өргөн хүрээг хамарсан, шинэлэг чуулган боллоо. Бид их зүйл ярьдаг, хийх л үлдээд байна гэдэг. Би ч гэсэн эндээс их зүйл сурлаа, олон шинэ санаа гарлаа. Байгалийн хөнөөл, утааг ч эдийн засгийн боломж болгож болох тухай яригдлаа. Уул уурхайг дагаж хөгжихөөс илүү давж сэтгэж, давж хөгжих хэрэгтэй гэх мэт олон асуудал яригдлаа. Энэ бүхэн хэрэгжих нь тодорхой. Нэг удаа яриад өнгөрөх биш дахин ярьж, хэрэгжүүлэх суурь тавигдлаа. Би бол их сэтгэл өндөр байна.
А.ТУЯА 2010 оны 2 сарын 12