Монгол улсад энэ томоохон арга хэмжээг зохион байгуулах болсны учир шалтгаан юу байна вэ?
Монголын эдийн засаг маш хурдацтай өсч байна. Энэ хөгжилд Европ, тэр дундаа Германы хөрөнгө оруулагчид өөрийн хувь нэмрээ оруулах зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Хэрэглэгч нийлүүлэгчийг уулзуулах хамгийн өргөн боломжийг бүрдүүлж, үзэсгэлэн худалдааг Европт ямар стандартаар зохион байгуулдагийг харуулахыг зорьж байна. Монгол улсад ийм шаардлага байгааг бид олж харан “Future Mongolia” арга хэмжээг зохион байгуулах болсон.
“Future Mongolia” үзэсгэлэн худалдааны онцлог юу вэ?
Монгол улсад улам бүр шаардлагатай болж байгаа дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх багц боломжуудыг санал болгож буйгаараа онцлог юм. Монголын Засгийн газрын төлөвлөөд байгаа олон улсын нисэх онгоцны буудал, авто болон төмөр замын шинэ сүлжээ, орон сууцны байгууламж, барилгын томоохон төслүүд бий. Энэ бүхэнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, эрчим хүчний шинэ шийдэл, бохир цэвэр усны шугам сүлжээ, эрүүл мэнд, боловсролын салбаруудыг хөгжүүлэхэд орчин үеийн техник, механизм шаардлагатай байна. Энэ бүхэн нь олон улсын үйлдвэрлэгчдэд шинэ зах зээлийн боломжийг нээж өгч, “Future Mongolia” арга хэмжээ нь эрэлт нийлүүлэлтийг уулзуулах чухал талбар болж байгаа юм.
Энэ жилийн арга хэмжээгээр ямар сэдвүүдийг онцгойлон авч үзэх бол?
Монголын зах зээлд ямар сэдэв, зах зээл хэрэгтэй байгааг бид судлаж жил жилийнхээ сэдвийг сонгодог. Үзэсгэлэн худалдааны цар хүрээ маш өргөн. Уул уурхайгаас гадна барилга, эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, байгаль орчин хамгаалал, ус цэвэршүүлэх зэрэг олон салбарт дахь технологийн сэдвийг хөндөхийг бид хичээх болно. Одоогоор энэ жилийн сэдэв яг тодорхой гараагүй ч барилгын сэдвийг илүү анхаарч магадгүй юм. Мэдээж энэ удаа ч мөн үзэсгэлэнгийн зэрэгцээ бага хурлууд зохиогдож, улс төр, компаниудын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, тулгамдсан сэдвүүдээр санал бодлоо солилцоно.
2012 онд буюу анхны “Future Mongolia”арга хэмжээ ямар үр дүнг үзүүлсэн бэ?
Анх удаагийн үзэсгэлэнд маань дэлхийн 14 орны 100 орчим компани өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, 4000 гаруй зочид сонирхогчид хүрэлцэн ирж, 600 орчим төлөөлөгчид бага хуралд оролцсон амжилтыг үзүүлсэн. Эдгээр үзүүлэлт бага тоо мэт сонстож байгаа боловч үзэсгэлэнг сонирхож, зорьж очсон хүмүүсийн хувьд бага тоо биш юм. Үзэсгэлэнд оролцсон Германы “ThyssenKrupp” “Siemens” Америкийн “Caterpillar” зэрэг чанараараа дэлхийд танигдсан олон компани оролцсон нь арга хэмжээний маань гол зорилгыг илэрхийлж байгаа хэрэг.