“Төр өмчөө мэдэх хэрэгтэй байна”
1970-1990 оны хугацаанд оргил үедээ байсан Монгол кино нэгдэл 500 киночдыг дээвэртээ нэгтгэж байсан бол одоо 20 гаруй хүн энд ажиллаж байгаа ажээ. Цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд байдаг гэж Урлагийн гавъяат зүтгэлтэн Х.Дамдин хэллээ. Гэтэл кино урлагийн хөгжил, хандлагыг тодорхойлж чадах гурван үеийн киночдын хүч тэнхээ байгаа гэх. Энэ үеийнхнийг нэгтгэж чадах газар бол Монгол кино нэгдэл бөгөөд удирдаж байгаа Ж.Солонго дарга нь ажил үүргээ өөрийн үзэмжээр гүйцэтгэж буй болохоор ахмадууд ийнхүү шүүмжлэлтэй хандаж байгаагаа дахин, дахин учирлаж байна. Түүнчлэн кино урлагийнхныг бэлтгэхээр анхандаа улсын статустай байгуулагдаж байсан, одоо хувийн өмчийн болсон Кино урлагийн дээд сургууль ч уг эрхмийнх ажээ. Боловсон хүчин бэлтгэх, салбарын хөгжлийг хариуцах газрын удирдлага нэг хүн байх учиргүй талаар ахмадууд онцлоод аврал эрэн байгаа “Монгол кино нэгдэл” ТӨААТҮГ-ын дарга Ж.Солонгийг ажлаа өгөхийг шаардах болон хууль хяналтынхан шалгаж үзээд, зохих хариуцлагыг хүлээлгэхийг шаардаж эхлэх гэнэ.
“Цаашдаа энэ том газрыг Соёл ,спорт аялал жуулчлалын яам мэдэлдээ авч, нэгдсэн бодлого, зохион байгуулалттайгаар кино урлагийн салбараа өөд татаасай. Үүний тулд ойрын хугацаанд Ц.Оюунгэрэл сайдтай Монгол кино нэгдлээр тухтай явж, байдлыг бүрэн танилцуулмаар байна” гэж ахмадууд мэдэгдсэн юм.
Монголын баримтат кино дэлхий нийтийн анхааралд өртсөн тухай сайхан мэдээг энэ гарчгийн дор хүргэе. Монгол кино ахуй, нүүдэлчний хэв маягийг орчин үеийн хэв шинжтэй хослуулж, зураглал, өгүүллийн хувьд яах аргагүй дэлхийн кино судлаачдын анхаарлыг татдаг тухай киночид дэлгэж байна.
Кино урлагийн хөгжүүлэхэд заавал туршлагатай ахмад хүмүүс кино бүтээх ёстой гэх бус, чадварлаг залуус нийлээд, шинэчлэлийн салхийг зөв тийш үлээлгэж чадна гэдэгт илтгэлтэй буйгаа ахмадууд хэллээ. Гэтэл хийе, бүтээе гээд ирсэн залуусыг мохоодог уламжлал энэ салбарт тогтсон аж. Бодлого, чиглэлийн хувьд кино урлагийг жолоодох газар нь хуучинсаг, хаалттай, далд бизнесийг хөгжүүлээд байвал айл бүрийн дэлгэцээр гарч буй кино нь дан хуулбарласан, орчуулгын, гадаадын соёлыг түгээн дэлгэрүүлсэн болон хувирахаас ч өөр аргагүй. “Хаа газраас олдсон, Монголын гэх тодотголтой яснуудыг гадаадаас эрэл сурал болж, авчруулаад байдаг бол эндээ аврал эрсэн соёл урлагийн том төв маань хэдхэн хүний гарт орж дуусах нь гэж үү” гэж ахмадууд асууж байна.