
Эрдэнэцогт, Өлзийт сумын малчин өрхүүдэд ажлын хэсгийнхэн очиж, нөхцөл байдалтай нь танилцав. Тэд Эрдэнэцогт сумын дөрөвдүгээр багийн малчин н.Лхамсүрэнгийн хотонд очлоо. Сумын төвөөс 100 гаруй км алс энэ өвөлжөөнд төрөл садангийн гурван өрх айл өвөлжиж байгаа аж. “Манай гурван өрх нийлээд 700-аад сарлагтай. Цас ихтэй ч одоогоор мал айхтар муудчихаагүй байгаа, гэхдээ идүүлэх бэлчээргүй болж байгаа учир өвс тэжээл ахиу шаардагдахаар байна. Сүлжээ байхгүй газар учир төвтэй холбоо харилцаагүй байдаг. Цасанд боогдвол мэдээ дуулгах ямар ч боломжгүй” гэдгээ гэрийн эзэн учирлаж байв.
Одоогийн байдлаар Эрдэнэцогт суманд 20 шахам удаа их, бага хэмжээний цас орж, шуурснаас мал идэх өвсгүй өлдөж байгаа аж. Цасны зузаан 20-40 см болж, малын хорогдол гарч эхэлсэн байна. Цагаан хад, Суу, Сэнжит, Тэргэн даваа, Шар хөтөл зэрэг 10-н даваа цасанд хаагдаж боогдсоноос малчид, малчин айл өрхүүдтэй холбоо тасрах хүндрэл гарч болзошгүй байгаа аж. Тус сумын хувьд 900 малчин өрхөд 28,0 мянга гаруй мал бий гэсэн тоо мэдээ байна.
Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Баянхонгор аймгийн удирдлагын хүсэлтийн дагуу уул уурхайд ашиглагддаг хоёр ковш машин, жолоочийн хамт ирүүлжээ. Эрдэнэцогт сумын хаагдсан зам, давааг онгойлгож, зам гаргах ажилд нэг ковшийг ашиглаж эхлээд дөрвөн өдөр болж байгаа аж.