УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг, нэг байнгын хороонд харьяалагдах боллоо. Мөн энэхүү тогтоолын төслийн хүрээнд шинэ оны өмнөхөн УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ц.Оюунбаатар, Г.Батхүү, Д.Арвин нар ч гаргасан хүсэлтийнхээ дагуу байнгын хороонд гишүүнчлэлтэй болов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Н.Энхболд нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж, Я.Содбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Батхүү, Ж.Батсуурь, А.Тлейхан нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тус бүр харьяалагдахаар баталлаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Сү.Батболд, М.Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарыг Хууль зүйн байнгын хороонд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан нарыг Эдийн засгийн байнгын хороонд харьяалуулж баталсан юм. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Г.ДАРЬ