Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил болгон зарлаж байгаагаа мэдээллээ. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хирээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж 2012-2013 оны өвлийн хүлээгдэж байгаа ачааллаар Төвийн эрчим хүчний системийн ачаалал 880-890 МВт хүрэх магадлалтай байгаа юм. Эрчим хүчний салбарт томоохон хэмжээний эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах бодлогын ажлууд хийгдэж байгаа ч эрчим хүчний хэрэглээний эрэлтийг бүрэн хангахад хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болоод байгаа үед эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх нь чухал байгааг яамны удирдлагууд хэллээ.
Эрчим хүчний сайд М.Сономпил “Энэ оныг эрчим хүчний хэмнэлтийн жил болгохдоо эрчим хүчний салбарынхан бид өөрсдөөсөө эхлэхээр ажиллаж байна. Эрчим хүчний үйлдвэрүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан алдагдлаа бууруулж зардлаа хянахаар төлөвлөж дэд сайдаар эхлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа. Яамны зүгээс 2013 онд Эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээнд зарцуулж байгаа цахилгаан эрчим хүч, дамжуулах, түгээх сүлжээнүүдийн техникийн болон арилжааны алдагдлыг бууруулах, менежментийг сайжруулж, өртөг зардлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх технологуудыг нэвтрүүлэх, нутагшуулахаар арга хэмжээ авч ажиллана” гэлээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгааныг зүй зохистой хэрэглэснээр төлбөрийн зардлаа бууруулахаас гадна улс орны эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулахыг салбарынхан хэлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа эрчим хүчийг зүй зохистой хэрэглэж, “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил”-д нэгдэхийг салбарын яамнаас уриалав.
Б.МАРАЛ