АС Милан багийн дэд ерөнхийлөгч Адриано Галлиани нээгдээд удаагүй байгаа солилцоо наймааны цонхоор Кевин Принс Боатенг, Игнациа Абате нарыг явуулахгүй гэж мэдэгдлээ. Улирал дөнгөж эхлээд байх үеэр мэргэжилтнүүд энэ хоёр тамирчныг улирал дундуур өөр баг руу зарагдах магадлалтай гэж тооцоолсон ч ийнхүү явахгүй гэдгийг багийн удирдлага нь албан ёсоор зарласан байна. “К.П.Боатенгийн хувьд манай багийн нэг хэсэг, ирээдүй ч түүнээс шалтгаална. Түүнээс биш Галатасарай руу явуулчихыг хүсэхгүй байна. Харин Зенит Санктпетрбург клуб бидэнд Абатег авах санал тавьсан. Гэхдээ бид зөвшөөрөөгүй” гэж Галлианы ярьжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаас үзвэл Зенит клубтэй мөнгөн дээр тохирч чадаагүй учраас наймааг цуцалсан байж болох аж. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Кевин Принс Боатенг АС Милан клубт нийт 57 тоглолтод оролцож 9 гоол оруулсан байна. Харин Абатегийн хувьд баруун жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд тус клубын төлөө 97 тоглолтод оролцжээ.
Б.СҮХ