Тиймээс Ц.Даваасүрэн гишүүн аймаг, орон нутгаас шийдвэрлэх боломжгүй, цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч өгөхийг хүсэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нарт хүргүүлсэн байна.
Одоогийн байдлаар Хөвсгөл аймаг дахь улсын нөөцийн салбарт бэлтгэсэн өвсний 80 хувийг малчид авсан байгаа юм байна. Тиймээс Улсын нөөцөөс өвс нэмж олгох, эрчим хүчний дутагдалд орсон үед Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвөөс эрчим хүч салгаж байгаа хугацааг богиносгож, хүйтний улиралд 30 минутаас илүүгүй байлгаж, хөлдөлтөөс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байгааг уг саналд тусгажээ. Мөн “Хөвсгөл эрчим хүч” ХХК-ийн ЗАТ маркийн гурван дизель станцын нэгийг завсарлахад шаардагдах 38,7 сая төгрөгийг шийдвэрлэх шаардлагатай гэнэ. Сумдад өвөлжилт хүндэрснээс малчид ихээр өвчлөх болсон байна. Гэтэл Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх сумдад ашиглаж байсан түргэн тусламжийн авто машины ашиглалтын хугацаа дууссанаас их цасанд явах боломжгүй байгаагаас яаралтай дуудлага ирэхэд иргэдэд хүрч очиход бэрхшээлтэй болсон гэнэ. Тиймээс түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх арга хэмжээг авч өгөхийг хүсчээ.