Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд ил болгоод
сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч янз бүрийн санал шүүмжийг араасаа дагуулж
байгаа билээ. Хуулийн төслийн талаар Блүмбэрг сайтад мэдээлснийг бүрэн эхээр нь
орчуулан хүргэж байна.
Монгол улс Ашигт малтмалын тухай хуулиа
шинэчлэх гэж байгаа. Шинэчилсэн хуулийн төсөл Тавантолгой дахь үндэсний хамгийн
том нүүрс олборлох төслөө “боомилж” байна гэж Монголын бизнесийн зөвлөлөөс мэдэгдэв.
Мөн гадны хөрөнгө оруулалтыг зогсоох аюултай гэж үзэж байгаагаа ч дурдсан юм.
1990-ээд оны эхнээс төлөвшсөн чөлөөт
зах зээлийн зарчим, туршлагыг биднээс холдуулж байна гэсэн агуулга бүхий дөрвөн
хуудас захидлыг Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын
хамгийн том бизнес группээс нэгдүгээр сарын 7-нд илгээжээ. Захидал олон нийтэд
нээлттэй байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх
нь Монголын уул уурхайн салбарт ордог. Энэ салбараас гарсан бүтээгдэхүүний
90-ээс дээш хувийг экспортолдог байна. Монголын хууль тогтоогчид өнгөрсөн 18
сарын хугацаанд Оюутолгойн алт, зэсийн төслийн талаар “Рио Тинто”-той дахин
зөвшилцөх оролдлогыг хоёр ч удаа хийсэн нь амжилтгүй болсон юм.
“Ашигт малтмалын тухай хуулийн шинэ
төсөл Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулж байна.
Гаднын хөрөнгө оруулагчид ч үүнд хамаарна” гэж Жим Дуайер Ерөнхийлөгчид
илгээсэн захидалдаа бичсэн байна. Тэрбээр Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх
захирал юм. “Үүнд Монголын Засгийн газрын Тавантолгойн нүүрсний төсөл болон “Энержи
Ресурс” компани ч багтана” гэж мөн бичжээ.
“Шинэ хуулийн дагуу зах зээлийн
эрэлтийг үл харгалзан уул уурхайн операторуудаас тодорхой хэмжээний олборлолт
явуулахыг шаардаж байгаа нь төслийн ашиг орлогод нөлөөлнө” гэж Д.Эрдэнэдалай (Dale Choi) хэлэв. Тэрбээр “Origo Partners MGL” үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн хамтрагч
юм.
Бүс нутгийн хяналт
“Уул уурхайн төслүүд дэх төрийн сонирхлыг
нэмэгдүүлнэ” гэж Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэдалай үзэж байна.
Мөн “Олборлолт явуулах газар хол ойр нь хамаагүй үйл ажиллагааны цаашдын төлөв
байдлыг шийдэх эрхийг сумд шилжүүлж байна. Уул уурхайн салбарыг ингэж чангална
гэж хэн ч таамаглаагүй” гэжээ. Түүнчлэн “Үүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн
сонгуультай холбоогүй гэж хэлэх боломжгүй байна. Олон нийтийн таалалд хууль
нийцэж магадгүй. Орон нутгийн иргэд уул уурхайн салбарт таагүй ханддаг. Улс
орон бүхэлдээ уул уурхайн салбарын ашгийг хүртэж байгаа. Гэтэл орон нутгийн
иргэдэд шууд ашиг ирэхгүй байна гэж тэд боддог” гэсэн байна.
Рио Тинто
2011 онд Монголын эдийн засгийн
өсөлт 17 хувьд хүрэхэд “Рио Тинто” компанийн Оюутолгойд хийсэн хөрөнгө оруулалт
нөлөөлсөн билээ. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж
байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсанаас
болж Хятадын Aluminum Corp-ийн Монголын “Саусгоби
Сэндс” компанийн дийлэнх хувьцааг авах гэсэн үйл ажиллагаа зогссон.
“Хэрэв
шинэ хуулийн төслөөр Тавантолгойн олборлолтыг зохицуулбал эдийн засгийн
өрсөлдөх чадвар, арилжааны сонирхол байхгүй болно” гэж тус зөвлөлөөс илгээсэн захидалд
бичжээ.
Монголчууд
Баруун Цанхи орчимд зургаан тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн нүүрсний орддоо
олборлолт явуулахдаа гадны хамтрагч авахаас татгалзсан. Америк, ОХУ, Хятад,
Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд энэ ордыг нэлээд сонирхож
байсан юм.
Банкны үйлчилгээ, өмч хөрөнгө
Өмч
хөрөнгө, арилжааны банк болон уул уурхайн үйлдвэрийн нөөцийг бий болгодог бусад
салбарыг тусгаарласан нь хуулийн төслийн сөрөг тал юм. Түүнчлэн “Цөөхөн хэдэн
олигархийг бий болгоно” гэж Жим Дуайер захидалдаа бичжээ.
Монголын бизнесийн зөвлөл 2007 онд
байгуулагдсан. “Рио Тинто”, “Пибоди Энержи”, “Мицубиши” корпорациуд гишүүн нь бөгөөд
нийт 250 гишүүн байгууллагатай. Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус байгууллагаас
илгээсэн дээрх захидалд хариу өгөөгүй байна.
Монгол Улсад одоо хэрэгжиж буй Ашигт
малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан. Энэ хууль Оюутолгойн Хөрөнгө
оруулалтын гэрээг байгуулах суурь болсон юм. “Рио Тинто” Монголд хэрэгжиж байгаа энэ төслийн 66
хувийг эзэмшдэг бол үлдсэн 34 хувийг Монголын тал эзэмшдэг.
Ус, газрын тос
Хуулийн шинэчилсэн найруулгад ус, газрын
тос, байгалийн хий, цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийг
стратегийн чухал бүтээгдэхүүн гэж заажээ. Төрийн захиргааны төв байгууллагаас стратегийн
ордуудын хил хязгаарыг тогтооно. УИХ-ын тогтоолд нэр заасан стратегийн ордууд
дээр Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай тусгай дэглэм тогтоох зорилгоор
онцгой гэрээ байгуулж болох аж.
Хуулийн шинэ төсөлд стратегийн ордыг
нэмэхгүй гэсэн байна. Стратегийн ордын жагсаалтад 15 орд байгаа талаар өнгөрсөн
сард www.news.mn сайтаас мэдээлж
байсан.
Хуулийн төсөл Монголын парламентаар
хэлэлцэгдэж батлагдах ёстой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Сайханбилэг “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн
Тамгын газар боловсруулсан” гээд тэрбээр нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.
Монголын эдийн засаг 2012 оны эхний
хагас жилд 13.2 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос
мэдээлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2012 онд Монгол улсын эдийн засаг 11 хувиар
өссөн гэж хэлжээ. Эдийн засгийн өсөлтийн талаар Засгийн газраас албан ёсны
мэдээлэл хийгээгүй байна.
Тус улсад өнгөрсөн онд парламентын
сонгууль болсон бол энэ оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй
холбогдох бол: Сингапур – Michael Kohn mkohn5@bloomberg.net, Токио –
Yuriy Humber yhumber@bloomberg.net
Э.Хулан