Юлия Тимошенко дэмийрч эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенко дэмийрч эхлэв үү?

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн бие өдрөөс өдөрт муудаж, сүүлдээ бүр унтаж чадахаа больжээ. Мөн утсаар ярьсныхаа дараагаар чихэндээ хатгуулчихлаа, хор тарьчихсан байх гэж айж буйгаа ярьсан байна. Түүний хоригдож буй Качановын засах хүмүүжүүлэх ангийн удирдлага Тимошенкогийн чихийг үнэхээр гэмтсэн, хордуулсан эсэхийг тогтоолгохоор Харьковын эрдэм шинжилгээний байгууллага руу дээж явуулсан ч ямар ч хорын төрлийн зүйл илрээгүй ажээ.

Гэвч Тимошенко энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Тиймээс засан хүмүүжүүлэх ангийн удирдлага Тимошенког зохиомлоор өөрийнхөө чихийг ямар нэгэн зүйлээр зурж, шалбархай үүсгэсэн гэж дүгнэхэд хүрсэн гэнэ. Гэтэл Украины депутат Сергей Власенко үнэхээр Юлиягийн чихэнд нь тарьсан гэмээр шарх байсныг гэрчлэн ярьжээ.

“Тариураар тарьсны дараа ямар шарх үлддэггийг хүн бүр мэднэ дээ. Яг л тийм шарх байсан. Би өөрөө нүдээрээ харсан. Тэр зүгээр нэг шалбархай биш харин шарх байсан” гэж мэдэгдсэн байна.

Мөн Юлия Тимошенко хорих ангийн өрөөндөө байрлуулсан камеруудыг бүгдийг нь унтраахыг шаардаж, камераас айн шүршүүрт олон цагийн турш зогсох болжээ. Сүүлийн нэг хоног тэр унтаж ч чадаагүй аж. Үүнээс гадна гоо сайхандаа анхаарал тавихаа больж, өрөөнийхөө радиацыг байнга хэмжиж суух болжээ.

Ийнхүү Украины Ерөнхий сайд асан эмэгтэй засан хүмүүжүүлэх ангид дэмийрч эхлэв үү, эсвэл үнэхээр тэнд ямар нэгэн далд ажиллагаа явагдаад байна уу гэдгийг тодорхойлон хэлэхэд бэрхтэй болоод байгаа ажээ.

Р.ГЭГЭЭ
ЭХ СУРВАЛЖ: WWW.NEW.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж