Дэлхийн шилдэг найман балетын гоцлоочдын нэг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай өнөөдөр өглөө уулзсан юм.
-Юуны өмнө дахин эх орондоо ирж “Хунт нуур”-т бүжиглэх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын тань өдөр болохоор мэдээж та сэтгэл догдолж байгаа байх. Энэ өдөр таны хувьд яаж эхлэв, ер нь балетчин хүний өглөө яаж эхэлдэг юм бол?
-Өглөө босоод бусдын л адил нүүр гараа угаахаас эхэлнэ. Яг мэргэжлийн үүднээс өглөө бүр нэг цаг 30 минутын дасгалыг зайлшгүй хийх хэрэгтэй байдаг. Тэгээд уран бүтээлээ давтах ч юм уу, хамтран бүжиглэгч нартайгаа ажиллах гэх мэт дараагийн ажилдаа орно доо.
-Өнөөдөр тоглох “Хун нуур”-ын бэлтгэл хэр хангагдаад байна?
-“Хунт нуур”-ын бэлтгэл гайгүй ээ. Эх орондоо ирэхээсээ өмнө Америкт байхдаа бэлтгэлээ хийгээд ирсэн. Бас эндээ хамт олонтойгоо болон ирсэн зочидтойгоо бэлтгэлээ базаалаа. Бэлтгэлийн хувьд бэрхшээлтэй зүйл нь гэвэл их л хүйтэн байна даа /инээмсэглэв/. Бусдаараа бол сайхан байна. Эх орондоо ирээд маш их баяртай байна.
-Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийг хүн болгон л мэдэж байгаа. Хэзээнээс энэ балетын урлагтай холбогдож амжилт үзүүлэх болов?
-Би 1993 онд Хөгжим, бүжгийн коллежид элссэн, Монголд буюу дотооддоо сонгодог урлагаар төгсгөсөн анхны ангийн хүүхдүүдийн нэг л дээ. Түүнээс хойш яг сонгодог чиглэлээр тав зургаан анги төгсгөсөн. Бас өмнө нь ОХУ-д сурч төгссөн олон балетчид байдаг шүү дээ. Ер нь бол би ганцаараа гадаадад мэргэжлээрээ ажиллаад байгаа биш, олон бүжигчид байна. Ирээдүйд сангийн зүгээс бодож байгаа зүйл бол гадаадад байгаа бүжигчдээ эх орондоо урьж тоглуулбал эх орондоо тоглуулбал үзэгчдэд сонин, нийгэмд оруулж байгаа соёлын том арга хэмжээ болох болов уу гэж бодож байна.
-Таныг Монголын сонгодог урлагийнхныг дэлхийтэй холбодог гүүр нь болж байгаа гэж ярьдаг л даа?
-Яахав, ер нь бол би боломжоороо л ажиллаж байгаа л даа. Уг нь би өөрөө бол бүжиглэж л байвал болно л доо. Гэхдээ хажуугаар нь саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг л янз бүрийн ажил хийхийг чармайж байна. Энэ бүх ажлаа зохицуулах гээд нэлээд ачаалалтай байдаг.
-Мэдээж энэ бүх ажлыг амжуулахад тань хамтран зүтгэгчид их тус болдог байх, өөрөөр хэлбэл сангийн тань арын албаныхан?
-Тэгэлгүй яахав. Сангийн цөөхөн хэдэн хүмүүс байна. Естой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэгчээр илүү их зүйл хиймээр санагдаад байдаг. Тэр болгонд боломж, бололцоо хэцүү. Манай өнөөгийн нийгэм ямар байгааг үзэгчид өөрсдөө мэдэж байгаа байх. Харин үүнийг хэрхэн сайхан болгох вэ гэдэг одоогийн залуучууд, бид бүгдийн л асуудал шүү дээ.
-Шинэ Засгийн газар байгуулагдсанаар ССАЖЯ гэсэн яамтай болсон. Яам сонгодог урлагийн салбарыг бодлогоор дэмжих байх гэж бодож байна. Саяхан “Соёл ба хөгжил” гэж чуулган болсон. Энэ чуулганаар бодлогоор хөгжье гэдэг зүйлийг илүүтэй онцлон ярина лээ. Танд бол ямар санагдаж байна?
-Мэдээж толгой сайн бол хөл нь зөв алхана гэсэн үг л дээ. Бас бодлого гэж учиргүй төр засагтаа найдаад байхгүйгээр бид өөрсдөө юу хийж чадах вэ гэдгээ маш их харах хэрэгтэй л дээ. Жишээ нь Алтанхуяг гэдэг хүн дан ганц бүжиглээд байгаадаа биш. Олон газар бүжиглэж, олон уран бүтээлчидтэй уулзлаа гэхэд тэндээс сурч, мэдсэн зүйлээрээ хараа сунгасан газраа хүрэх хэрэгтэй гэж боддог. Өөрсдөө бид юу хийж чадах вэ гэдгээ эргэн тойрноосоо их сайн харах хэрэгтэй. Ямар ч мэргэжлийн, ямар ч албан тушаал дээр байна, тэр хүмүүс эх орон, өөрийнхөө амьдралынхаа төлөө дайчин зогсож байж нөгөө бодлогийг хэрэгжүүлнэ шүү дээ. Үнэхээр сайн бодлого байгаад бид хэрэгжүүлэхгүйгээр өө ингэх л ёстой гэсэн шиг байж бас болохгүй л дээ.
Хэдийгээр сан маань өнөөдөр өөрийн гэсэн байргүй байгаа ч ямар ч байсна ажлыг хийж болно, хийх ёстой гээд явж байгаа. Аль болох зовлон болгоныг тоочилгүй, түүнийг бэрхшээл гэж авч үзэхгүйгээр болгоё бүтээе гэж явна.
-Та гадаадад томоохон балетуудын гол дүрүүдийг бүтээсэн. Монголд ч гэсэн. Ялгаатай талууд байгаа бол уу?
-2000 онд ХБК төгсөнөөсөө хойш 2007 он хүртэл ДБЭТ-т ажилласан. Мөн ХБК-д сурч байхдаа хүртэл ДБЭТ-ын гол дүрүүдэд тоглож байсан нь маш их туршлага хуримтуулах, олон дүрд гарах боломжуудыг олгосон. Энэ хугацаанд ДБЭТ-ын тайзнаа тоглож байгаа бүх л балетын 90-ээд хувийн эерэг бөгөөд эсрэг гол дүрүүдэд тоглосон. Яг гадаадад гарснаараа тэндхийн орчин цагийг харуулсан балетуудад нэлээд түлхүү тоглож байгаа гэж ойлгож болно.
-2003 оноос хойш шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтарч ажилласан. Анх түүнтэй яаж уулзсан бэ?
-Японд Асами Маки театрт тэр хүн ирж өөрийнхөө дэглэлтийг тавьсан. Тэнд би нэг үзэгдэл дээр сонгодог балетын хэсгийг гоцлох ёстой байсан. Гэтэл тэр Роланд Пэтит гээд үнэхээр агуу гайхалтай хүн намайг олж харж “Чи энд орвол зүгээр байна” гэсэн нь миний хувьд маш том завшаан болсон. Тэр хүний буянаар олон оронд очиж, олон том бүжигчид удирдлагуудтай танилцаж явна даа.
-Одоо бол та Бостон балетын гоцлооч шүү дээ. Яаж яваад энэ том театртай амьдралаа холбов?
-Испанид Роланд Пэтитийн нэг жааз балетын гол дүрд тоглож байхад Бостон балетын захирал тэр тоглолтыг үзээд надад санал тавьсан. Манайд хэрэгтэй байна, ирж сонирхоно уу, урьж байна гэсэн саналыг би хүлээн авсан. Би Бостон балетыг сайн мэддэг байсан. Маш их сонирхон анзаардаг байсан. 2000 онд Нью-Йоркт тэмцээнд орж байх үед мэддэг байсан.
-Таны мөрөөдөл биелсэн үү?
-Би маш олон зүйл мөрөөддөг. Ер нь бол олон ч мөрөөдлүүд маань биелсэн. Цаашид бодож байгаа олон мөрөөдлүүд байна.
-Эх орондоо зочдын хамтаар ирсэн байгаа шүү дээ?
-Хар, цагаан хун буюу Одеттад АНУ-аас Ашли гээд маш чадварлаг бүжигчин байгаа. Алиа салбадайд Армяны бүжигчин Аветик Карапатян тоглоно. Маш олон орноор явж олон улсын уралдаан тэмцээнүүдээс өндөр шагналуудыг хүртэж байсан, хүчтэй бүжигчдийн нэг. Би өөрөө ханхүүгийн гол дүрд тоглоно. Мөн Япон улсын “Асами Маки” театрт ажилладаг, бүжигчин Лхагвасүрэн маань “Хунт нуур”-т тоглоно. Лхагвасүрэн бид хоёр Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийнхан л даа.
-Холын зочноос үг сонс гэдэг. Өнөөдөр орой таньтай хамт нэг тайзнаа “Хунт нууур” балетад тоглох зочид Монголын балетын урлаг, манай баелтчдын чадварыг юу гэж үзэж байна?
-Яг энэ талаар нарийн сайн ярилцаж амжаагүй байна. Сургуулалтаа хийгээд дараа, дараагийн уулзалтууд, дээрээс нь зохион байгуулах ажлууд гээд цаг маш давчуу минут бүр л үнэтэй болчихоод байна. Тоглолтынхоо дараа энэ талаар ярилцана. Энэ бол угаасаа миний өөрийн ажил шүү дээ. Тэр хүн юу гэж бодож байна гэдгийг анхааралтай сонсоно.
-Өнөөдөр, маргааш хоёр өдөр “Хунт нуур”-ыг тоглоно. Зочид маань Монголд хэд хонох юм бэ?
-Өнөөдөр, маргааш хоёр өдөр “Хунт нуур”-т тоглоод бүтэн сайн өдрийн өглөө буцна. Цаг маш бага байгаа.
-Та хэзээ явах вэ? Монголдоо хэзээ бүр эргэн ирэх бол?
-Би бас адилхан бүтэн сайны өглөө хамтдаа явна. Цаг бага, үүндээ л амжуулах гэж үзэж байгаа. Монголдоо ирэх юм сан гэж дандаа л боддог. Байнга л Монголдоо ирдэг. Би чинь ХБК төгсөөд шууд гадагшаа яваагүй шүү дээ. Тухайн үед явах боломжууд их байсан өөрийгөө болоогүй гэж үзсэн ч юм уу эх орондоо байгаад байсан. Нэг л уяатай морь шиг байгаад байдаг л даа. Ер нь ирээдүйд нэлээд сайн сурч мэдэж байж, цаг нь болохоор эх орондоо ирнэ.
-Танай сан олон ажлуудыг хэрэгжүүлэн явуулж байгаа. Залуу үе рүүгээ харсан балетын клуб, сургуулийг байгуулах бол уу?
-Одоо ёстой л боломж нь байдаг бол түүнийг байгуулахыг хүсэлгүй яахав. Өөрийн гэсэн хүч, бололцоотой байж хийх том том ажлууд л даа. Сан бол одоогоор айхтар том байгууллагын хэмжээнд хүрээгүй байна. Ирээдүйн хөтөлбөр, үйл ажиллагаа байнга миний толгойд эргэлдэж байгаа. Ер нь цаг зава ашиглаад аль болох юмыг хийж бүтээчихье гэж бодож байгаа. Манай “Монголын балетын хөгжил сан” ДБЭТ-тай салшгүй холбоотой ажилладаг. Мөн Соёл, спорт, аялал, жуулчлалын яам бусад холбогдох байгууллагуудтай байнгын харилцаатай байж, цаашид сонгодог урлагийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр анхааран ажилладаг. Сангийн тэргүүн зорилго бол маш ойлгомжтой. Монголын балетын хөгжил сан гэсэн нэрнээсээ авахуулаад дээрээс нь дэлхийн олон улс даяар түгсэн энэ агуу урлагийг бусдын адил нэгэн хэмжээнд хүрэх бол туйлын зорилго.
Цаашид ДБЭТ-тайгаа хамтарч “Цөмөөхэй” балетыг монгол хүн өөрөө шинэчилж тавихыг хүсдэг. Балетынхантайгаа ярилцаад 2014 онд хийнэ гэж одооноос бодоод явж байна. Мэдээж болсон үед нь л болсон гэнэ шүү дээ. Манайд одоо тоглож байгаа “Цөмөөхэй” Орос хүний тавилттай. Мөн энэ онд “Бид Монголдоо” гэсэн тоглолтхийхийг зорьж байгаа. Түрүүн ярьсан шүү дээ. Гадаадад байгаа бүжигчдээ авчирч нийт үзэгчдэдээ танилцуулъя гэсэн бодол байгаа. Юм хийх болгондоо гол нь ач холбогдлыг нь хүргэе гэж боддог. Алтанхуяг Монголдоо ирээд л явдаг гэсэн ойлголтыг үлдээх биш аль болох балетын хөгжлийг Монголдоо хөгжүүлэхийг зорьж байгаа сангийн гол зорилготойгоо уялдан хийж байгаа ажлууд л даа.