Хуурамч хувьцаа гаргаж, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон 149 хавтаст хэрэгт буруутгагдан хоёр жил дамнан хуулийн байгууллагад шалгагдсан “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд гурван өдөр болж өчигдөр орой 23 цагийн үед шийдвэрээ гаргажээ. Шүүх хурлыг дүүргийн шүүгч Б.Баатар даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар орж, шүүгдэгчээр “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцжээ. Харин гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлыг бүрэлдэхүүн удаан зөвлөлдсөний эцэст тэднийг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин үлдсэн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хуралд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар оролцоогүй бөгөөд тэдний хэрэг тусдаа байсан ч хэрэгсэхгүй болсон гэдгийг эх сурвалж хэлж байв. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж шүүсэн юм. Ийнхүү шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэд дараагийн шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ.
Үүнээс гадна тэдний учруулсан 116 тэрбум төгрөгийн хохирлоос ердөө гурван тэрбум орчим төгрөгийг Зайсан дахь Зайсангийн гудамжны 76Б тоот, 76В тоот хаягт байрлах тус бүр 600 орчим метр квадрат талбай бүхий хоёр хаусыг нээлттэй дуудлага худалдаагаар ойрын үед худалдах гэж байгаа аж. Дээрх хаусыг цагтаа “Анод”-ын Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар банкны мөнгөөр бариулж тансаг амьдралд умбаж байжээ. Харин Н.Даваагийн хаусны асуудал одоогоор шүүхийн шатанд явж байгаа ч эзэн нь ял авсан тул эрхбиш хохирогчдын төлбөрт очих нь бараг тодорхой юм. Цагтаа валютын ченж хийж байсан арван жилийн нэг ангийн гурван найз гэнэтхэн “Анод” хэмээх банкийг байгуулж, Э.Гүр-Аранз гэхэд 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшиж нисдэг тэргээр сурталчилгаагаа хийж даналзаж явсан билээ. Харин Н.Даваа Иргэний хөдөлгөөний намын дэд дарга байхдаа мөн л уг сонгуульд оролцож хэн хэн нь амаараа шороо үмхсэн юм. Н.Даваагийн хувьд 2012 оны сонгуульд Иргэний хөдөлгөөний намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж баахан авгай, хүүхнүүдээр хүрээлүүлж сонгогдоно хэмээн тооцож байсан ч түүний мөрөөдөл зүүд байлаа. Тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн үзэж, ял авахгүй гэж бодож байсан ч шударга шүүх түүнийг сул тавиад явуулчихсангүй. Дээрх хауснуудын дуудлага худалдааны доод үнэ нь тус бүр 852 сая төгрөг байх аж. ШШГЕГ-ын битүүмжилсэн Д.Энхтөрийн эзэмшиж байсан хаус нь бассейнтэй бол, Э.Гүр-Аранзын хаус далд хаалга бүхий нууц өрөөтэй гэнэ.
Дээрх хаусыг худалдаж авахыг хүссэн хүмүүс “Анод” банкны ажилтнуудтай 99114121, 99292561 гэсэн утсаар холбоо барьж болох юм байна.