ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос оруулж ирсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ингэснээр эл хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж кноп дарлаа.

Мөн хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцлээ. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг харьяалах байнгын хороодод нь хуваарилсан юм. Нэг байнгын хороонд МАН-ын гишүүдээс дээд тал нь гурван гишүүн хуваарилагдав. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь УИХ-ын байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог 21-д хүргэх тухай аж. Өнгөрсөн намар УИХ-аас УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог дээд тал нь 19 байхаар зааж өгсөн. Харин МАН-ын бүлгийн гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж ирсэн билээ. Энэ тухайгаа тэд “УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа асуудал 3-4 гишүүний санал хураалтаар шийдэгдэх болж буй. Дээр нь Засгийн газрын гишүүд нь давхар хоёроос доошгүй байнгын хороонд харьяалагдаж байгаа нь ажил цалгардахад хүргэнэ. Тийм учраас байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог 21-д хүргэж, бас Засгийн газрын гишүүн нь өөрийн харьяалах салбараас бусад нэг л байнгын хороонд харьяалагддаг байх зарчмын өөрчлөлтийг хийх ёстой. Ингэж байж УИХ-аас батлан гаргаж байгаа хууль тогтоомж мэргэжлийн төвшинд батлагдана” гэж тайлбарлаж буй. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд энэ байр сууриа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдлээ. Одоо чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөөд байна. Үдээс хойш 15.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийх юм. Эл мэдээлэл хаалттай болно. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандаж үдээс хойшхи чуулганы хуралдаанд эрхэм гишүүд гар утас, компьютер авчрахгүй байхыг санууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж