
-Монголын телевизүүдийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Алтан шонхор 2012” наадмаас “Камертон 2” шоу нэвтрүүлэг шилдэг дууны найруулга шагналыг хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ шагнал дан ганц миний биш, олон хүмүүс, уран бүтээлчид хамтран ажилласны үр дүн юм.
-Энэ шоуны дууны найруулга, сонголт, хөгжмийн бэлтгэл тантай холбоотой. Дууны найруулга болон сонголтдоо юуг голлон анхаарсан бэ?
-Аль болох хоолойны чадвар, цар хүрээг харуулахаас гадна сэтгэлд хоногшсон, илүү аялгуулаг дуунуудыг сонгохыг хичээдэг. Олон жилийн өмнө дуулагдсан боловч одоог хүртэл хуучраагүй сонсголонтой дуунууд олон байна. Найруулгын хувьд аль болох урьд нь дуулагдсан хэлбэрээсээ өөр, дуундаа тохирсон байдлаар хийхийг зорьдог. Манайхны хэлж заншснаар амьд хөгжимтэй тоглоход тохиромжтой, дуугаа илүү тод илэрхийлэхийг чармайдаг. Дууг заавал найруулгыг нь өөрчлөхгүйгээр анх дуулагдаж байснаар нь тоглож болно л доо. Гэхдээ дууны найруулагчаар ажиллаж байгаагийн хувьд “Камертон 2” шоуны бүх дууг шинэ найруулгаар тоглосон.
-Та “A Sound” хамтлагийг үүсгэн байгуулж, одоо “Арга билиг” хамтлагийн продюсераар ажиллаж байна. Эдгээр хамтлагууд болоод ер нь хамтлаг ямар байх ёстой талаар яривал?
-Хамтлаг бол хамгийн түрүүнд эв нэгдэлтэй л байх хэрэгтэй. Уран бүтээлч сэтгэлгээг цаг ямагт өмнөө барьж явах хэрэгтэй.
-Хамтлаг, дуучдын тоглолт, цомгийн найруулга дээр байнга хамтран ажиллаж, рок, поп урлагийн тогоон дотор буцалж явдаг хүний хувьд уран бүтээл хийх хүндрэл бэрхшээлтэй, зовлон жаргал басхүү хамгийн гоё зүйл нь юу байдаг юм бол?
-Хөгжим хийхэд асуудал зөндөө. Аялгуу хайна, эрэлхийлнэ. Хөгжим судлана. Дээр нь одоо үед техникийн мэдлэг гэдэг бол хамаг цаг авдаг ажил болоод байна. Тэгж байтал санхүүгийн асуудал гээд л. Гэхдээ миний хувьд хамгийн хэцүү нь таарамжгүй хүмүүстэй ажиллах л хүндрэлтэй санагдсан. Хүнтэй ажиллаж сурна гэдэг их ухаан, туршлага юм шиг байгаа юм. Мэдээж хамгийн сайхан зүйл нь бэлтгэл сайн хангагдсан үед тайзан дээр тоглох.
-Монголын рок, поп урлагийн хөгжил гэвэл тийм ч урт настай биш л дээ. Гэхдээ алтан үеийнхний маань туурвисан бүтээлүүд өнөөг хүртэл амьдарч, бид дууг нь болоод уран бүтээлчдийг нь дурсан санагалзаж байна. Харин одоо үед уран бүтээлийн ямар ч өрсөлдөөнгүй болсон, чанартай хамтлаг, дуучид гарч ирэхгүй байна гэсэн шүүмжлэл их болсон байна?
-Алтан үеийн хамтлаг, дуучид маш их бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Одоо ч тэгэж бэлтгэх тэвчээртэй хүн цөөхөн болж дээ. Бас хөгжмийг чихээрээ биш нүдээрээ сонсдог хүмүүс их болсон. Дээр үед хөгжмийн зэмсэг гэдэг юмны барааг цөөхөн хардаг байсан ч сайхан уран бүтээл хийх хүслээр дүүрэн явдаг байсан юм шиг. Одоо бүх зүйл нь бэлэн байгаад байхад л бэлдэхгүй, өөрсдөө хичээхгүй, шууд л болсон болоогүй дуу, клиптэй болохыг хүсэгчид их болжээ. Уг нь хамгийн чухал зүйл бол сайн уран бүтээл хийх шүү дээ. Гэхдээ авьяаслаг залуучууд байгааг үгүйсгэхгүй л дээ.
-“Камертон 2” шоунаас ямар үр дүнг хүлээж байна?
-Төслийн эхний хэсэг шоу нэвтрүүлэг хэлбэрээр явагдаж дуусах тун дөхөж байна. Удахгүй цоо шинэ, олон хоолойны дуугаралттай, ард түмэнд олон сайхан уран бүтээлээр бэлэг барих залуусын хамтлаг төрөн гарах цаг ойртож байна. Энэ чиглэлээр манайд тийм ч олон хамтлаг байхгүй. Монголдоо хөгжмийн, урлагийн чиглэлийг цааш нь хөгжүүлэх чадвартай залуус гарч ирэх байх гэдэгт найдаж байгаа. Төслийн багийнхны зорилго бол амьдаар дуулах чадвартай, маш сайн хамтлаг гаргаж ирэхийн тулд оролцогчдоо маш сайн бэлдэж, тэднээс уйгагүй, хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч байхыг шаардаж байгаа. Хамтлаг төрүүлэх гэдэг бол тийм ч богинохон хугацаанд хийчих ажил биш л дээ. Хамгийн гол нь үр дүн, чанар. Энэ шоу өөрөө мэргэжлийн төвшинд хийгдэж байгаа, таван жилийн продюсингийн гэрээ гэдэг бол оролцогчдод өгч байгаа том боломж.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Хийхээр төлөвлөсөн ажил их байгаа. 2012 оны арваннэгдүгээр сард “Хөгжмийн боловсролыг дэмжих сан” гэж байгуулсан. Залуучуудын мэргэжлийн хөгжмийн боловсролд нэмэр хандив болох зорилготой, тэднийг дэмжих сургалт, тоглолт, уралдаан зохион байгуулна.
-Дуу хөгжим гэж таныхаар юу вэ?
-Миний хувьд миний бүх зүйл л юм даа.
-“Камертон 2” шоуны сүүлийн шатны шалгаруулалт хэзээ болох вэ? Бэлтгэл хэр хангагдаж байна?.
-Бэлтгэл дажгүй шүү. Шилдэг 16 оролцогчмаань сайн бэлтгэж байгаа. Тайлангаа энэ сарын 19, 20-нд л тавина даа. “Боловсрол суваг” телевиз шууд дамжуулна. Оролцогчид амьд хөгжимтэй болон акапелла дуулж ур чадвараа шалгуулна. Акапелла дуулна гэдэг бол маш амаргүй зүйл, өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ маш сайн хийж, бас дуугаа дүрсжүүлсэн байгаа. Одоо амьд хөгжмийн бэлтгэл явагдаж байна.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.