ҮАБЗ-ийн хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Төсөлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоо бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн  зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, бусад баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Гэхдээ эл хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх боломжгүй” хэмээн үзсэн. Харин одоо эл саналыг дэмжих үү, эсвэл эсрэг санал гаргах уу гэдэг нийт гишүүдээс өгөх санал хураалтын дүн эцэслэнэ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ийм хуулийн төслийг хэлэлцэх цаг нь болсон. Улстөрчдийн ёс зүй хэм хэмжээ алдагдаж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх болсон. Тийм учраас энэ утгаараа асуудлыг хэлэлцэх ёстой. Гэхдээ хувь хүний өөрийнх нь ёс зүйтэй маш их холбогдож байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан нэг хүн нь гадны компанид зөвлөх хийгээд, бас нэг нь уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж байгаа бол гурав дахь ерөнхийлөгч нь авлигын хэргээр шоронд сууж байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн нь мэдлэгээ, мэдээллээ Монголоо төлөөлсөн эрх ашгийн төлөө ашиглах ёстой. Түүнээс гадны нэг орны эрх ашгийг хамгаалсан лоббиг Монголдоо хийж болохгүй. Энэ утгаараа хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Гэхдээ цаанаа бас асуудал байна” гэж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн уул уурхайн гадны компаниудын зөвлөх хийгээд явж байгаа нь тун зохисгүй, хувь хүний ёс суртахуунтай холбогдож байгаа. Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Үндэстэн дамнасан корпорациуд уул уурхайгаар дамжуулж зэрлэг капитализмыг хөгжүүлэх бодлого руу явж байхад Монгол Улс энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой” гэж байлаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж