аварга Спортын төв ордны А танхимд банштай цай уугаад сууж байхтай нь
таарав. Олимпийн хошой медальт тамирчныг бэртлийн улмаас Улсын аварга
шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэж мэдээлж байсан ч тэрбээр “Женко”
клубийн тамирчдынхаа хамт анх удаа зохион байгуулагдаж буй багийн
тэмцээнд оролцохоор ирсэн нь энэ. Саяхныг хүртэл хүнд зодуулсан гэсэн
шуугианы эзэн болсон түүнийг барилдахаар сууж байгааг харах сонин байв.
-Сайн байна уу. Таныг УАШТ-д оролцоогүй гэж мэдээлж байсан. Гэтэл энд барилдах гээд сууж байх юм.
-Энэ
удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн циклийн эхлэл
гэдгээрээ онцлогтой. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас 2016 оны
олимпод оролцох тамирчид тодорно. Мөн Монголд анх удаа багийн тэмцээн
болж байна. Гарааны чухал тэмцээн шүү дээ. Тиймээс жүдо болон баг хамт
олноо хүндэтгээд “Женко” клубийнхээ нэрийн өмнөөс тэмцээнд оролцож
байна.
-Бэртэл, гэмтэл нь эдгэрсэн үү. Барилдаж болж байгаа юм уу?
-Хэдхэн
хоногийн дараа АНУ руу явж эмчилгээ хийлгэнэ. 2008 оны Бээжингийн
олимпийн дараа хэвтэж эмчлүүлж байсан эмнэлэгтээ очно. Одоо бол нэг их
хүчлэхгүй, хөнгөн бэлтгэл хийж болоод байгаа.
-Яг ямар бэртэл билээ?
-Өмнөхтэйгээ ижил, өвдөгний чагтан шөрмөс тасарсан. Урьд нь гэмтлээ
эмчлүүлэлгүй хоёр жил орчим явж хүндрүүлсэн. Энэ удаа шинэ байгаа учраас
эмчлэхэд хялбар байх болов уу.
-Шөрмөс дахин дахин тасраад байхаар хойшдоо барилдахгүй болох шалтгаан болох уу?
-Өөрөө хянаад, эвтэйхэн барилдаад байж болно оо. Барилдаж байгаад бэртчихээр хөлсөө гаргахгүй, гэртээ зүгээр сууж чадахгүй юм.
-Н.Түвшинбаяртай
барилдсан ОХУ-ын бөхөөс допинг илэрсэн учраас манай тамирчин хос алтан
медальтай болж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн намар гарсан. Танд албан
ёсны мэдээлэл ирсэн үү?
-Баттай
мэдээлэл биш байх аа. Олны л яриа. Оросын сайтуудад ч тиймэрхүү
мэдээлэл гарсан гэсэн. Надад өдий болтол албан ёсны мэдээлэл ирээгүйг
бодоход худлаа байх аа.
-Та
фэйсбүүк хуудсандаа “Битгий эмзэг сэдэв хөндөөд байгаарай”, “Чи энэ
талаар мэдлэггүй байна” зэрэг үгнүүдийг онцолсон байсан. Энэ нь сүүлийн
үед гараад байгаа зодооны тухай мэдээлэлтэй холбоотой юу?
-Би тийм үг онцолсноо санахгүй байна.
-Гэхдээ танд энэ зодоонтой холбоотой ярих зүйл байгаа болов уу?
-Эмзэглэж байгаа. Эх сурвалжаас нь тодруулж баттай мэдээлэл олон нийтэд
хүргэж байгаасай. Тэгвэл хэн хэндээ л бухимдалгүй байхсан. Буруу ташаа
мэдээлэл гаргаж, хэн нэгнийг мууллаа гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл
ашиг олохгүй шүү дээ. Түүний оронд хүнд сайн мэдээ дуулгаж, сайхан зүйл
нийтэлбэл эргээд эерэг энерги бий болно. Намайг хүнд зодуулсан,
эмчилгээнд явах гэж байгаа гээд биччихээр ойр дотнынхон маань гайхаж,
над руу утасдаж биеийг минь асууж байна. Хөдөө байгаа ээж, аав минь ч
сэтгэл зовнисон. Хүүгээ хүнд зодуулсныг сонсох ямар сайн байх вэ дээ.
Ийм муу мэдээ сонсож цочирдоод, цусны даралт нь ихсэж, харвавал яана.
Монголын үндэсний бөх болон спорт хүнийг ёс жудагтай болгож
хүмүүжүүлдэг. Олон залуусыг амьдралд хөтөлсөн үндэсний бөх агуу спорт.
Улсын заан Ц.Баярсайхан, начин Б.Одх үү нарын аль алийг нь би
хүндэтгэдэг. Ах дүү шиг байдаг хүмүүсийн хооронд үүссэн багахан
маргааныг дэвэргэчихлээ шүү дээ.
-Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Ц.Баярсайхан заан та хоёрыг Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан гэсэн шүү дээ.
-Мэдэхгүй юм. Сүртэй юм болоогүй шүү дээ.
-Одоо тэгвэл энэ хэрэгтэй холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллага шалгаагүй гэсэн үг үү?
-Үгүй. Байхгүй. Ийм мэдээлэл гарсны дараа намайг эрүүл, саруул явж байгааг хараад олон хүн гайхаж байсан.
-Олны танил хүмүүсийн зовлон юм болов уу. Хэрэв өөр гурван залуу маргаж, гар далайлцсан бол тоохгүй л байсан байх даа.
-Ямар
учиртайг нь би ойлгохгүй юм. Ийм асуудалд нэр холбогдсон нөгөө хоёрт
маань ч хохиролтой шүү дээ. Нэр нь сэвтэхээс гадна хоолоо олж идэж
байгаа ажил мэргэжилд нь ч нөлөөтэй. Архи ууж, агсам тавилаа гэхээр хүн
сайн хэлэхгүй. Тэр дунд нь бас Түвшинбаяр архи ууж явжээ гэнэ. Ямар ч
зүйл сайн, муу хоёр талтай байх аа.
-Та гурав хамт ууж суугаад жаахан л маргасан юм уу?
-Үгүй
ээ, хамт байсан ч юм биш. Би нэгэнтэй нь л хамт явж байсан юм. Намайг
явсны дараа тэр хоёр ам мурийсан юм билээ. Тэнд Түвшинбаяр байсан гээд л
нэр холбогдчихож л дээ.
-Бас таныг согтуугаар машин жолоодож явсан гэх мэдээлэл байсан.
-Дүүгээрээ машинаа бариулаад, би хажууд нь суугаад явж байсан. Цагдаа
зогсоосон нь үнэн. Яагаад энэ бүхнийг дуулиан болгоод байдаг юм бэ.
-Та их зан гаргаж хүний дургүй хүргээгүй биз дээ. Яагаад ингэж олны үгний бай болоод байна вэ?
-Өө
үгүй дээ, болж бүтэхээрээ л эвтэй байя гэж боддог шүү дээ. Амжилт
гаргалаа гээд би мундаг тасархай хүн болчихсон биш. Ард түмнийхээ буян
хишиг, хамт олныхоо ачаар амжилт гаргасан. Цаашдаа улсынхаа нэрийг
өндөрт өргөх үүрэгтэй иргэн хүн шүү дээ.
-Саяхан
кино найруулагч Б.Нагнайдорж гуайтай уулзахад Таныг олимпийн аварга
болсны дараа ярилцлага авахаар очтол сумандаа хонио усалчихсан худгийн
дэргэд зогсож байхыг хараад гайхсан гэсэн. Тухайн үеийн дүрсийг ч
хальсанд буулган хадгалсан юм билээ. Олимпийн аваргыг иймэрхүү энгийн
байгаагаар нь тэр бүр харахгүй байх шүү.
-Тэгж
байж л хүн амьдралаас таашаал авна. Би хялбарчлах дургүй. Байнга ус
уугаад байхаар ус ямар ч амтгүй санагддаг. Харин бидэн шиг жингээ хасаад
ч юм уу хоёр, гурван хоногоор ус уухгүй явж байгаад багахан ус уугаад
үзээрэй. Ямар сайхан амттай байдаг гээч. Хүн биеэ илүү зовоох тусам л аз
жаргалыг мэдэрдэг. Үд болтол унтаад, бие өвдлөө гэж ярих юм. Түүний
оронд эртлэн сэрж, уулан дээр гараад нар мандахыг хар л даа. Тэгвэл тэр
өдөртөө сайхан сэргэг байх жишээтэй. Жижиг гэлтгүй бүх зүйлд ач
холбогдол өгч чадвал аз жаргалтай амьдарна шүү дээ.
-Энхтайваны гүүрэн дээгүүр Х.Баттулга сайдтай гүйж байгаа зураг цахим хуудсанд тавигдсан байсан. Өглөө бүр гүйж байгаа юу?
-Тийм ээ.
-Хаанаас хаа хүртэл гүйдэг вэ?
-Гэрээсээ 08.00 цагт гараад Энхтайваны гүүр даваад гүйдэг.
-Та гэнэтийн явдал тохиолдоход хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би ер нь сэтгэл хөдлөл багатай. Баргийн юманд догдолдогг үй.
-Аав болохдоо, бас гэр бүлдээ шинэ хүн нэмэгдэхэд догдолж, баярладаг биз дээ?
-Амьдралд сайхан зүйл олон шүү дээ. Баярлалгүй яах юм бэ.
-Удахгүй танайх бүл нэмэх гэж байгаа гэв үү?
-Тийм ээ.
-Охин уу, хүү юү?
-Мэдэхгүй ээ.
-Тэгэхээр гэнэтийн бэлгэнд дуртай л юм байна шүү дээ.
-Тийм байвал гоё шүү дээ. Охин, хүүгийн аль ч байсан сайхан. Хүүхэд бол хүүхэд шүү дээ.
-Хүн
ер нь хайр хүндлэлийг хэрхэн бий болгодог юм бол. Таныг муу хэлэх хүн ч
байна, магтаж сайшаах нэгэн ч байна. Тэр болгонд хэрхэн ханддаг вэ?
-Муу үг
сонсох хэцүү ч аль алийг нь сэтгэлдээ багтааж дүгнэхийг хичээдэг.
Магтаал хүний эвддэг. Хааяа ч гэсэн шүүмжлэл сонсох хэрэгтэй. Тэндээс л
алдаагаа олж харна шүү дээ. Ямар ч хүний үгийг ялгаж, салгаад зөв
хүлээгээд авчихад уур, уцаар сэтгэлээс холдоод явчихдаг юм.
Тэр
“Би мөрөөдөх дуртай” гэж нэгэнтээ бичсэн байсан. Мөр өөдлийнх нь тухай
асуухад хариулахаас татгалзсан. Хүслээ бүгдийг нь хэлчих юм бол хожим
биелэхг үй бол яах билээ. Өмнө нь Н.Түвшинбаяр аварга ийм л байсан. Чив
чимээгүй явж байгаад л бидний хүсэн хүлээсэн олимпийн алтан медалийг
энгэртээ гялалзуулсан.
-Тамирчин хүний хувьд хөлс ямар үнэтэй вэ?
-Ховор,
үнэт зүйл. Хэн илүү хөлс урсгаж, хөдөлмөрлөнө, тэр хүн амжилтад ойрхон
явдаг. Бэлтгэлийг бага гэж гололгүй хийх хэрэгтэй. Өглөө нойроо дийлж
босоод, өдөр бүр гүйж байгаа.
-Тантай барилдахдаа залуу бөхчүүд эмээдэг болов уу?
-Эмээхгүй байх аа. Би одоо +90 кг-ын жинд барилдаж байна. Жүдо долоон
жингээр барилддаг ч багийн тэмцээн таван жингээр зохион байгуулагддаг.
Тэгэхээр +100 кг-ын жинд барилддаг том биетэй бөхчүүд бараг дээрэлхэх
гээд байгаа юм биш үү. (Инээв)
Ийн
ярилцах зуураа тэрбээр дэвжээнээс хараа үл салгана. “Женко” клубийнхэн
алтан медалийн төлөө барилдах эсэхээ шийдвэрлэх чухал үе ирсэн тул
аварга “Би ер нь өөрөө гарлаа” гээд босон харайв. Багийн тэмцээнд таван
бөх барилддаг ба баг бүр хоёр нөөц тамирчинтай аж. Н.Түвшинбаяр аварга
нэлээд том биетэй бөхтэй таарчээ. Алдарт үүрдэг мэхээ хийж юүко үнэлгээ
авав. Бас ч үгүй удаан үргэлжилсэн барилдаан мэдээж, түүний ялалтаар
өндөрлөв.
Ж.СОЛОНГО
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин