Тангараг өргөх ёслолын аюулгүй байдал

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Тангараг өргөх ёслолын аюулгүй байдал


2013 оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Уг ёслолтой холбоотой мэдээлэл, нийтлэл, сурвалжлагыг мэдээллийн NEWS агентлаг, NEWS.mn сайт анх удаа өөрийн тусгай сурвалжлагчаар дамжуулан хүргэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ онд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг монгол хүн газар дээрээс нь сурвалжилж, харьцуулалт, ажиглалт, тэмдэглэл, сурвалжлага бэлтгэх нь уншигч та бүхний сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. Ингээд манай тусгай сурвалжлагч Б.Жаргалын АНУ-гаас ирүүлсэн гурав дахь нийтлэлийг хүргэж байна.

2009 онд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч:
“Барак Хуссейн Обама би, АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэйгээр биелүүлж, АНУ-ын Үндсэн хуулийг сахин хамгаалахын төлөө өөрийн чадах бүхнээ зориулахаа тангараглаж байна” хэмээн тангараг өргөхөд нийтдээ 150 сая доллар зарцуулсан тухай Английн The Guardan сонин дурджээ. Энэ нь ”Гүүглэ”, “Майкрософт” тэргүүтэй томоохон корпораци болон бусад хандивлагчдийн өгсөн хандивуудаас гадна, холбооны нөөцийн төсвөөс бүрдсэн байна. Энэхүү ёслол нь олон нийтэд нээлттэй, жирийн иргэд оролцох боломжтойгоор зохион байгуулагдсан бөгөөд википедиад өгүүлснээр, ойролцоогоор 8000 орчим цагдаа, 1000 орчим Холбооны мөрдөх товчооны ажилтнууд, мэргэн буучид, 5000 орчим армийн ажилтнууд газар дээр нь аюулгүй байдлыг сахиулахаар ажиллажээ. Мэдээж, “сайн дураараа, үнэ хөлсгүй ажиллаагүй нь тодорхой”. Тэр мөнгөний ихэнхи нь ч тангараг өргөх ёслолын аюулгүй байдал, ёслолын дараах цэвэрлэгээ болон бусад ажилд зарцуулагджээ. Учир нь энэ өгүүлбэрийг газар дээр нь сонсохоор багцаагаар 1,2 сая, зарим эх сурвалжуудын мэдээлснээр 1,8 сая гаруй хүн нэг дор цуглажээ. Зүйрлэвэл, Нэгдсэн улсын хүн амын ойролцоогоор 310 хүн тутмын нэг нь энд иржээ гэсэн үг. 


Гэрэл зургуудыг http://communities.washingtontimes.com-оос авав.

Энэ жилийн тангараг өргөх ёслолын ажиллагаа ч өмнөхөөсөө дутуугүй өндөр үнэтэй болох шинжтэйг ажиглагчид тэмдэглэж байна. Гэхдээ хэд хэдэн онцлог байна. Ньютаун хотын бага сургуульд гарсан аймшигт хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч зэвсгийн хяналтыг чангатгах талаар хатуу байр суурь илэрхийлсний дараа тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн өрсөлдөгчийнх нь “овоо хараанд” байна. Түүнчлэн дэлхийд зартай алан хядагч Осама Бин Ладеныг устгасны дараа алан хядагч нарын ил далд янз бүрийн заналхийлэл дор болж буйгаараа ч аюулгүй байдлын өндөр хэмжээний бэлэн байдал шаардаж байгаа юм. Гэвч энэ бол зөвхөн мөнгө л байвал хийж болдог зүйл бас биш. Нэг талаар гадна дотны олон хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах нь их гүрний сүр хүчийг илтгэх, АНУ-ын олон улсын нэр хүндийн асуудал байдаг бололтой.


Гэрэл зургуудыг ijreview.com, nairaland.com-оос авав.

Аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ гэхээсээ илүү юунаас сэргийлж аюулгүй байдалд анхаардаг вэ гэж асуувал их сонирхолтой болох байх. Энэ талаас нь харвал зэр зэвсгийн тухай энэ нийгэмд тогтсон ойлголт, соёл, хандлага дэлхийн ихэнхи улс орнуудынхаас ихээхэн өөр. Хэтрүүлж хэлбэл дэлгэцэнд гарч байгаа 100 киноны 99 нь буутай баатрын тухай өгүүлдэг, буугүйгээр аюулгүй байдлаа, эрх чөлөөгөө төсөөлж чаддаггүй, түүнийгээ ч ил тод хуульчилсан энэ орны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан ялагдсан хоёрын маргаан зэвсгийн хяналтын талаар нилээн хүчтэй өрнөж байна.

Гэрэл зургуудыг youngentrepreneur.com, slate.com –оос авав.

Үндэсний Буудлагын Спортын Сангийн мэдээлснээр өнгөрсөн 2011 онд АНУ-д нийтдээ 11 сая орчим галт зэвсэг худалдаалжээ. Үүнийг хүн амын тоонд нь харьцуулбал ойролцоогоор 30 хүн тутмын нэг нь буу худалдан авсан гэсэн үг. Алжирын банкийг Тайландаас хакердаж мөнгө дээрэмдэхэд зогсоож, илчилж чаддаг Америкууд иргэд нь дэлгүүрээр болон онлайнаар 10 сая буу худалдаж байхад нягтлахгүй өнгөрнө гэж байхгүй байх. Гэхдээ үүнийг хувь хүний аюулгүй байдал, өмчийн аюулгүй байдал, хувь хүний сонирхол гээд олон юмтай холбож тайлбарладаг. Ийм их зэвсэг зардаг, түүнийгээ “хэрэглэдэг” Америкчууд түүхэндээ дөрвөн Ерөнхийлөгчөө буудан хороож, хоёр Ерөнхийлөгчөө шархдуулж байжээ. Тэдгээр гэмт хэргүүд бүгд Америк иргэдийн гараар үйлдэгдсэн юм. Алуулсан Ерөнхийлөгч нар нь бүгд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр нас барсан бөгөөд, хилийн чанадад амиа алдсан нэг ч хүн байхгүй байна.

Гэрэл зургийг shtfplan.com, tacticalfirearms.us-оос авав.

Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын аюулгүй байдал нь олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдэхээс сэргийлэх, хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд халдахаас хамгаалах, сэргийлэх гол зорилготой ч бүхэлд нь харвал Америк дахь зэр зэвсгийн талаарх хандлага, соёл, хэрэглээтэйгээ тэмцэж буй мэт…
Кевин Костнёр, Уитни Хьюстон нарын тоглосон“Бие хамгаалагч” гэдэг кинонд гардаг хамгаалагчийн дүр бол зөвхөн кинон дээр гардаг дүр биш. Энд яг бодитоор бий. Хэрэв та нэг өдөр Нью -Иоркын гудамжинд зогсох цагдаагийн ташаанд байгаа бууг харвал бариул нь элэгдэж мөлийсөн байх вий. Америкчууд зэр зэвсгийг гоёл гангараа болгож хэрэглэдэггүй улс. Бариулыг нь элэгдтэл бай буудсан байж магадгүй юм, гэхдээ юунд өөрийгөө бэлтгэж бай буудсан байх вэ гэж асуувал шал өөр хэрэг. Бас л буутай өөр нэг хүнээс өөрийгөө хамгаалах гэж сургуулилсан нь тэр …

Гэрэл зургийг schneier.com, sfgate.com-оос авав.

Цэргийн сүр жагсаалдаа байдаг шиг улс орны сүр хүч, эрхэмсэг оршихуй нь Ерөнхийлөгч тангараг өргөх ёслол болж байж магадгүй. Гэвч хатуухан хэлэхэд ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл бутанд гэдэг үг бий. Нэг биш нэлээн хэдэн Ерөнхийлөгчөө цаг бусаар буцаасан түүхтэй энэ орон аюулгүй байдлыг алдагдуулж буй зэр зэвсгээ ил тод худалдаалдаг шигээ аюулгүй байдлын тухай мэдээллээ, тэр тусмаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын аюулгүй байдлын тухай мэдээллээ интернэтэд ил тод тавьчихдаг учир ойлгоход ихээхэн төвөгтэй улс. “Лос Анжелес таймс”-д мэдээлснээр: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өндөр технологийн аюулгүйн систем ашиглах аж. Химийн болон биологийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, аюулгүйн камераар бүрэн хангах, хотын хүн ам шигүү цуглах газруудын нарийвчилсан зураг төлөвлөгөө гаргах гээд тоочоод байвал Ерөнхийлөгч Жон Кеннедийн аллагаас хойшхи аюулгүйн албанд гарсан хөгжил дэвшил, алан хядах, терроризмтай тэмцэх олон жилийн туршид олж авсан бүх мэдлэг туршлагаа зэвсэг технологийн ололттойгоо ашиглах бололтой.

2013.01.10
Б.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж