Төсвийн нэмэлт орлогыг “Зангууны үлгэр” -тэй зүйрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Төсвийн нэмэлт орлогыг “Зангууны үлгэр” -тэй зүйрлэжээ

Дэлхийн Банкнаас  2013 оны төсвийн талаарх тэмдэглэл гаргажээ. Энэхүү тэмдэглэлийг Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албаны харьяа Ядуурлыг бууруулах, эдийн засгийн удирдлагын салбарын нэгжээс боловсруулжээ. 

Энэ оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ) бүрэн хэрэгжиж эхэлсэн анхны төсвийн төлөвлөлтийн жил гэдгээрээ онцлогтойг Дэлхийн банкныхан онцлон тодотгожээ.  Уг төсөвт тэнцвэржүүлсэн төсвийн алдагдлыг хоёр  хувьд барихаар тусгасан нь төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмтэй ч  орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг тэлсэн гэдгийг эдийн засагч  нар анхааруулсан байна. Орлогыг өндрөөр төлөвлөхөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь  2009 оны “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд дахин нэмэлт хэлэлцээр хийж, 445 тэрбум төгрөгийн нэмэлт орлого  оруулахаар тооцсон нь гадныханд бол  “Зангууны ноос түүж гүү авах”-тай агаар нэгэн санагдах нь мэдээж. Тиймээс ч тэд энэ байдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гажуудуулж, томоохон эрсдлийг агуулж байна гэж тодотгосон байх юм.  

2013 оны төсвийн орлогыг  2012 оныхоос 28.9 хувиар өсгөж, 7,258 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн. Үүнийг өмнөх оны орлогын гүйцэтгэлтэй харьцуулбал бараг 40 хувиар нэмэгдэж  байгаа  төдийгүй төсвийн орлогын тасалдал ДНБ-ий зургаан  хувьд хүрэхээр байна гэж Дэлхийн банк үзжээ.

Хөрөнгө оруулалтын зардал огцом өсөв

Монгол Улсын төсвийн нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ нь 2012 оны төсвөөс 17.9 хувиар нэмэгдэж,  7,444.6 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөсөн. Зарлагын дийлэнх  нь хөрөнгө оруулалтын зардал огцом буюу  44.7 хувиар өссөнтэй холбоотой. Хэдийгээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ч хөрөнгийн засвар үйлчилгээний зардал буурсан нь шинээр болон одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын чанарыг баталгаажуулах тал дээр асуудал үүсгэж байгаа юм. Хэрвээ төсвийн гадуурхи санхүүжилтийг уг төсөвд оруулбал төсвийн алдагдал таамагласан зургаан хувиас ч өндөр байж болзошгүй ажээ. Хөгжлийн банкаар дамжуулан гаргаж байгаа төсвийн гадуурхи санхүүжилтээс үүдэх төсвийн дарамт нь 2013 онд ДНБ-ий дөрвөн хувиас илүү байхаар тооцоолон гаргасан. Иймэрхүү төсвийн гадуурхи томоохон хэмжээний санхүүжилтийг үргэлжлүүлээд байвал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн сайн үр нөлөөг ихээхэн бууруулах бөгөөд төсвийн хэт халалт,  дарамтыг улам л нэмэгдүүлэх талтай ажээ.

Бондын орлого хаачих вэ?

Энэхүү асуултын хариу тодорхойгүй байгаа нь эдийн засагчдад эргэлзээ төрүүлэх болсон байна. Түүнчлэн үнийг тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк оролцож байгаа, нь ч ТТБТХ-ийг хэрэгжүүлэхэд асуудал үүсгэнэ гэдгийг сануулж байна. Засгийн газрын үнийг тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк татаастай санхүүжилт үзүүлэх замаар оролцож байгаа нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг   уламжлалт хэлбэрээс огт өөр үзэгдэл үүсгэж орхижээ. Энэ нь төсвөөс гадуурх өөр нэгэн санхүүжилтийн хэлбэрийг бий болгохоос өмнө Төв банк энэ байдлаас гарах тодорхой төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бий болгоод байгаа аж.  Дэлхийн санхүүгийн зах зээлд Монголын эдийн засгийг сонирхсон хэвээр байгаа ч шинээр гарах Засгийн газрын бондын орлогыг хэрхэн ашиглахыг ажиглах хүлээлт үүсгээд байгаа гэнэ . Энэхүү бонд нь төсвөөс гадуурхи санхүүжилтийн суваг болж болохгүй бөгөөд түүнээс орох орлого, түүнийг хэрхэн хэрэглэхийг төсөвт тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна. Түүнчлэн Засгийн газар бондын орлогоороо санхүүжүүлэх төслүүдийг сонгож, баталгаажуулахдаа гадаад зээлжилтийн санхүүгийн өртөг, өөрийн орны эдийн засгийн чадавх, хязгаарыг тооцож авч үзэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй гэсэн хатуу санамжийг тод хар үсгээр тэмдэглэсэн байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж