Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Арвин хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагадаа “Оюутолгой ХХК-ийн хашаанд Хүннүгийн үеийн олдвор байгаа” тухай дурьджээ. Энэ талаар “Оюутолгой” компанийн төслийн дэд ерөнхийлөгч С.Санждоржоос тодрууллаа. Тэрбээр “Оюутолгой төслийн хувьд 40 км-ийн радиуст судалгаа шинжилгээ явуулсан. 2002 оны есдүгээр сард Археологийн хүрээлэнгээс 8х10 км хэмжээтэй Оюутолгой төслийн талбайд судалгаа шинжилгээ хийж, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж болно гэсэн зөвшөөрөл өгсөн. 2000 оноос хойш нийт зургаан удаа Оюутолгой төслийн талбайн ойр орчимд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс судалгаа шинжилгээ явуулж, археологийн болон палеонтологийн олдворуудыг судалж шинжилж тайлан гаргасан. Компанийн хайгуул, ашиглалтын лицензтэй талбайд явуулсан археологийн малтлага, судалгааны шинжилгээг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн профессор Д.Цэвээндорж, доктор Б.Гүнчинсүрэн, доктор Я.Цэрэндагва нар тэргүүлж оролцсон. Мөн 2005 онд манай босоо амны нэвтрэлт эхлэх үед 19 метрийн гүнээс үлэг гүрвэлийн 25 өндөг олдсоныг ШУТИС-ийн Геологийн сургуулийн Палеонтологийн багш, судлаач Ц.Минжин, Г.Сэрсмаа, М.Болор нар газар дээр нь очиж, судлан шинжилж хүлээн авсан. Оюутолгой компанийн хувьд бид Монгол улсын хууль дүрэмд заасны дагуу хайгуулын ажлыг хийхээс өмнө археологийн ажлыг мэргэжлийн байгууллагаар нь гүйцэтгүүлдэг. Талбайгаас гадна мөн Гүний хоолойн усны савын дагуу 400 км урттай, 70 км өргөнтэй зурвас газрын археологийн судалгааг хийж гүйцэтгүүлж дуусаад холбогдох зөвшөөрлийг нь авсан байгаа” гэлээ.
Харин эрхэм гишүүний дурдсан Хүннүгийн үеийн булшнуудын тухайд гэвэл тэрхүү олдвор нь Оюутолгойн орд газрын төслийн талбайд оршиж байсан боловч ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэд 2002 онд малтлага хийж судалгаа явуулан олдворуудыг хүлээн авсан бөгөөд үүний үндсэн дээр Геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар дүгнэлтээ 2002 онд гаргаж өгсөн ажээ.
А.Алт 2010 оны 2 сарын 18