Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийнэ. Сэдэв нь үндэсний аюулгүй байдал. Үүнээс цааш ямар нэг мэдээллийг холбогдох хүмүүсээс өгөхгүй байгаа.

Гэхдээ Ерөнхийлөгч юу ярих бол гэдгийг таамаглаж үзье. Ойрмогхон тэрбээр твиттерээрээ энэ сэдвийг онцлон жиргэсэн юм. Гол нь  иргэдээс үндэсний аюулгүй байдлын талар саналаа нэмэрлэхийг хүссэн. Жиргээчид нийслэлийн утаа, цас зуд, хүнсний аюулгүй байдал, хот төлөвлөлт, мэдээллийн аюулгүй байдал,бензиний үнэ, цус ойртолт, сонгуулийн маргаан, олон шашны зөрчилдөөн, олноороо төрж буй бөө, архидалтыг бууруулах зэрэг сэдвийг үндэсний аюулгүй байдлын сэдвийн хүрээнд хөндөж байв. Мөн нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтлах, үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж, улсын нөөцийг түүхий нефтиэр зургаан сараас доошгүй хэмжээнд байлгах, ундны цэвэр усаа хамгаалах, олон улсын стандарт хангасан оношлогооны эмнэлэгтэй болох, эрүүл мэндийн салбарыг өөд татах, удам угсаагаа цэвэр байлгах зэрэг сэдвийг жиргээчид онцлон Ерөнхийлөгчийн сонорт хүргэж байв.

Оны эхнээс аюулгүй байдлын сэдвээр жиргээчдийн саналыг сонссон Ерөнхийлөгч өнөөдөр энэ сэдвийн хүрээнд УИХ-д хаалттай мэдээлэл хийхээр боллоо.

ҮАБЗ-ийн тэргүүний хувьд өөрийн үзэл бодол дээрээ иргэдийнхээ тавьсан саналуудыг оролцуулан мэдээлэл бэлтгэсэн биз ээ. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой ч Ерөнхийлөгчийн хэлэх үг холбоотой байж болох юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж