МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын Үндэсний төв, Хүүхдийн зохиолчдын “Пен” төвөөс саяхан нэг хүүхдийн зохиолчийг бүтэн сар дотуур байранд амьдарч шинэ зохиол бүтээх сонин томилолт олгосон байна. Энэ томилолтыг “Хотын нохой”, “Хөдөөний нохой”, “Өөр” зэрэг ном бичсэн “Сэлэнгэпресс” компанийн редактор, хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг гардсан ажээ. Энэ талаар Үндэсний төвийн тэргүүн, Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргал “Бид зохиолчоо Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуульд хүргэж өгөөд, тэнд Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа “Ном хөтөлбөр”-ийн нээлтэд оролцоод ирлээ. Манай зохиолч дотуур байранд охидтой хамт амьдарч хүүхэд гэдэг содон сонин “ертөнцийг” судлахаас гадна, тэднийг шүлэг зохиол бичих, сэтгэлээ нээж үзэл бодлоо илэрхийлж өөрийгөө таниулахад туслах юм. Бас Хүүхдийн номын ордны явуулын номын сангаас сонирхолтой номууд уншуулна” хэмээн ярьж байна.
Зохиолч ажиллах болсонд сургуулийн удирдлага сурагчид эцэг эхчүүд баяртай байгаа гэнэ. “Ардчилал эхэлснээс хойш хүүхдийн зохиолчийг орон нутагт ажиллуулж байгаа анхны тохиолдол. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Хавар төл бойжуулах үеэр бас нэг зохиолч малчны суурьт ажиллана” гэж Пен төвийн тэргүүн хүүхдийн зохиолч Б.Нацагдорж хэлжээ.