Сүүдэр 1600 оноос эхлэсэн түүхтэй. Японы цэргийн томоохон гэр бүл болох Токугава Шогунате 1618 онд энэ арлыг нээж “Такешима” гэж нэрлэжээ. Харин бүр манай эриний 512 онд оршин тогтнож байсан “Гурван улсын түүх” нэртэй номонд Шилла, Жижон, Усан гэх Солонгосын гурван аймгийн харьяанд энэ арал байсан гэж тэмдэглэсэн байдаг аж. Харин Япон улс газар нутгийн сонирхлоосоо хамааран энэ арлыг эзэмших хүсэл тээсээр байсан нь Наран улсын үр хойчид өвлөгдөн шинэ цагийн маргааныг дахин тавьжээ. Маргааныг 1904 онд үзэглэсэн Солонгос-Японы гэрээгээр цэг тавих гэж оролдсон ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Хоёр тал гэрээнийхээ шаардлагыг биелүүлсэнгүй, бүр цэргийн хүчээр ч арал руу нэвтэрч байв. Хэдийгээр энэ арал 1900 он хүртэл Солонгос улсын мэдэлд байсан ч, 1905 оноос Япон улс хяналтдаа оруулахын тулд улайрах болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Солонгосыг эрхэндээ оруулсны дараа арлын талаар бараг дурсахаа болив. Гэсэн ч солонгосчуудын тэмцэл зогссонгүй.
“Докдо арал бол яах аргагүй манай газар нутгийн нэг хэсэг. Түүхийн талаас үүнийг олон баримтаар нотолдог” гэж тус улсын Дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд тэмдэглэсэн байна.
Харин Япон улсын Гадаад харилцааны яамны цахим хуудсанд мэдээлснээр 17 дугаар зууны эхэн гэхэд энэ арлыг загасчид болон аялагчид түшиц газраа болгон ашиглаж байсныг нотлон бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ арлын төлөөх солонгочуудын тэмцэл хүчээ авсан учраас япончууд асар олон ухуулгын кино, баримт сэлтийг бүтээсэн юм. Ингэж явсаар 1952 онд батлагдсан Сан Францискогийн энхийн гэрээний заалтын дагуу хоёр улс энэ асуудалд энх тайванч байр сууринаас хандах болсон байна.
Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын бага болон их, дээд сургуулиудад Докдо арлын тухай бүхэл бүтэн сэдэв хичээлийг оруулж арал зөвхөн Солонгос улсынх байсан гэдгийг батлах олон арван баримтыг заадаг ажээ. Мэдээж хэрэг Япон улсын засаг захиргаа үүнийг дэмжиж байсан нь үгүй. 2005 онд энэ маргаан улам хүчээ авч хоёр улсын харьцаанд сэв сууж эхэлсэн гэхэд болно. 2005 онд Япон улс “Такешима арлын өдөр” гэгчийг тэмдэглэж байх зуур Өмнөд Солонгос үүнийг маш их эгдүүцэж, нэг эрэгтэй зулын гол болж олон арван хүүхэд, эмэгтэйчүүд хуруугаа тайрч байсан тохиолдол бий. Харин 2006 онд Солонгосын таван иргэн “Докдо Солонгосын нэг хэсэг” нэртэй уриа бүхий далбааг дэлхийн 90 гаруй улсаар аялуулжээ.
Нэг хэсэг намжмал байсан энэ асуудал өнгөрөгч наймдугаар сараас дахин хүчээ авч эхэллээ. Үүнийг Хятад-Япон хоёрын газар нутгийн маргаан өдөөсөн ч байж болох талтай. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан И Мюн Бак өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ны өдөр Докдо арал дээр айлчилсан нь тус улсын ерөнхийлөгч энэ арал дээр ирсэн анхны тохиолдол болов. Үүнээс хойш “Хөх ордон” ерөнхийлөгчийн засаг захиргааны хүмүүс Докдо арлын тухай асуудлыг дахин хөндөж тавихаар хуулийн төсөл хүртэл боловсруулсан байна. Хэдийгээр Солонгосын тал Докдо арлын тухай асуудлаар олон улсын шүүхэд хандсан ч энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм. Хуулийн шийдвэр гараагүй байхад арлыг өмчлөх гэсэн Солонгосын оролдлого үргэлжилсээр байвал Японы тал хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Экс ерөнхийлөгч И Мюн Бак Такешима аралд айлчлахдаа Японы талтай энэ асуудлаар хэлэлцсэн ч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй.
Наран улсын хамгийн адармаатай газар нутгийн маргаан бол Сенкаку арал юм. Бүр Мейжигийн үеэс, Хятадын Шин угсааныхантай маргалддаг байсан энэ арал хоёр улсын түүхийн бүх л хэсэгт тэмдэглэгдэн үлдсэн маргаан дэгдсээр л байсан. 1951 онд Сан Францискогийн энхийн хэлэлцээрээр хоёр улсын газрын маргааныг шийдвэрлэх гэж оролдсон ч бодитой үр дүнд хүрээгүй билээ. 1971 онд Окинавагийн баримт бичгийг Японы талаас боловсруулж газар нутгийн маргааныг бага ч болов хөнгөлөхийг хичээжээ. 2000 он гартал хоёр улс харьцангуй тайван байсан ч энэ байдал удаан үргэлжлээгүй билээ. 2004 онд байдлыг хурцатгах хоёр ч бослого, хөдөлгөөн гарчээ. Японы газар нутгаа хамгаалах сайн дурын хөдөлгөөний хэсэг гишүүд Осакад байрлах Хятадын консулын газар руу автобустай дайрч Хятад улсын эгдүүцлийг хөдөлгөв. Дараахан нь Зүүн Хятадын тэнгисийн хойд өргөргийн 30 градуст Япон улс Хятадын байгалийн нэгэн байгууламжтай ойрхон байгалийн хийн нэгэн байгууламж босгосон нь маргааны хамгийн оргил цэг болов. Үүнээс хойш хоёр улс дипломат харьцаа сэвтэж, хоёр улсын бараг муж болгонд эсэргүүцлийн хөдөлгөөн шил шилээ даран өрнөх болсон юм. 2012 онд хоёр улс батлан хамгаалахын бодлогын гол хүчээ энэ арал руу чиглүүлсэн нь дэлхийн нийтийг анхаарлыг яах аргагүй татав. Өнгөрөгч 2012 оны нэгдүгээр сард Японы талаас 39 завийг Зүүн Хятадын тэнгист нэвтрүүлсэн нь Хятадын гадаад хэргийн сайдын чихэнд хүрч улмаар эргийн хамгаалалтыг сайжруулах чиглэлийг Хятадын АИХ-ын тэргүүлэгчдийн зөвлөлөөс гаргасан билээ. Улмаар гуравдугаар сард Хятад улс тэнгисийн цэргийн хоёр том хөлөг онгоцыг байршуулжээ. Японы тал ч зүгээр суулгүй таван сарын дараа АНУ-ын батлан хамгаалахын сайдтай уулзаж хамтран ажиллах хүсэлт тавьсан юм.
“Хятад улс хууль зүйн талаасаа ч, баримт, бичиг, түүх шастирын талаасаа ч энэхүү арлыг өөрийн мэдэлд байна гэдэгт гүнээ итгэдэг. Дээрээс нь төрийн дээд шатанд ч үндсэрхэг үзэл халдварлаж эхэлсэн нь үнэхээр аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна” гэж Азийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Марк Валенсиа ярьжээ.
Наран мандах нутаг. Сонирхолтой нь энэ нэршлийг Шин угсааны хаад Япон улсын эзэн хаанд захидал хүргүүлэхдээ ашиглаж байсан нь түүхийн холбоос ч юм шиг. Энэ жил Япон улс ерөнхий сайдаа сольсон. Японы засгийг хоёр дахь удаагаа толгойлох гэж байгаа Шинзо Абе энэ оны батлан хамгаалахын төсвөө өмнөх оныхоос 1,4 тэрбум ам.доллараар нэмэхээр болжээ. Энэ нь 2002 оноос хойш анх удаа батлан хамгаалахын төсвийг нэмж байгаа тохиолдол юм. Өнгөрсөн жилийн хувьд Япон улс 53,3 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбарт зарцуулж байсан баримт бий. Хятад улс ч батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх хандлагатай байгаа учир нь тэд ч бас Японы нэгэн адил хоёр, гурван ч улстай арлын маргаантай хэвээр байгаа билээ.