Америкийн эрүүл мэндийн албаныхны мэдээлж буйгаар томуугийн дэгдэлт ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Америкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс тогтоосноор өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хандсан өвчтнүүдийн 5.6 хувь нь ханиад, томуугийн улмаас эмчид үзүүлсэн гэх судалгаа гарчээ. Энэ нь ханиад, томуугаар өвчлөгсдийн тоо өнгөрсөн сарынхаас 2.8 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн тус төвийн мэргэжилтнүүд томуугаар голдуу таваас доош, 65-с дээш насны болон астма, зүрхний шигдээс зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс өвчилж буйг судалж тогтоожээ.
Үүний зэрэгцээ Хойд Каролина мужид мөн томуугийн дэгдэлт өндөр байгаа бөгөөд одоогоор томуугийн улмаас 14 хүн нас бараад байгаа юм байна.
АНУ-ын эрүүл мэндийн албаныхны мэдээснээр Америкт ханиад, томуугийн улмаас жилд 50 мянга хүртэлх хүн хорвоог орхидгийн ихэнхи нь өндөр настан болон бага насны хүүхдүүд байдаг гэсэн судалгаа байдаг аж.