Автобусанд суусан л бол мөнгөө төл

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Автобусанд суусан л бол мөнгөө төл

Он гармагц хэтэвч хонхойлгох бас нэг тааруу мэдээ дуулдлаа. Уг нь улиг болчихсон юм даа. Нийтийн тээврийн том оврын автобусныхан шинэ жилийн дараа ёс юм шиг тасалбарынхаа үнийг нэмэх шаардлага тавьдаг. Түүнийг нь микробус, такси компанийн эзэд ханцуйдаа алга ташин хүлээж авдаг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүр үзэж буй.

Тэр ёсоор том оврын автобусны компанийн удирдлагууд, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчийн холбооныхон тасалбарынхаа үнийг 600 төгрөг болгохоор Засгийн газрыг шалж эхэллээ. Мэдээж үүний үр дүнд мад тавиулах нь зорчигчид. Учир нь Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 24-ний дотор хариу ирүүлэхгүй бол зорчигчдын халаас руу өчиггүй гар дүрнэ гэдгээ дээрх холбооныхон мэдэгдэв. Автобусны тасалбар 600 болно гэдэг микробусны үнэ 800-1000, захын гэр хорооллуудын богино эргэлт хийдэг халтуурчдынх 1500 төгрөг болохын цондон. Такси ч зүгээр суухгүй нь мэдээж.

Шатахуун, дизель түлшний үнэ өссөөр байгаа цагт нийтийн тээврийнхэн тасалбарын үнээ нэмнэ гэдэг нь аргагүй. Мах, талх, бараа, үйлчилгээний үнэ бүгд л шатахууны үнээс уяатай байгаа хойно. Гэхдээ зорчигчдын халаасыг тэмтрэхээсээ өмнө хаа хаанаа бодууштай зүйл бас байна.

Нэг автобусанд зорчихоор сууж буй хүмүүсийн гуравны нэг нь л тасалбар авдаг гэвэл хэтрүүлэг болохгүй. Үлдсэн нь өндөр настан, оюутан, цагдаагийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бас бус хөнгөлөлт эдлэгсэд. Нэг автобус ийм байгаа юм чинь нийтийн тээврээр өдөрт үйлчлүүлдэг нийт зорчигчдын мөн л гуравны нэг илүүхэн нь мөнгө төлдөг байж таарна.

Кондукторыг ажиглаж байхад ихэнх зорчигч ямар нэг хөнгөлөлтийн үнэмлэх үзүүлэх ба тун цөөхөн хүнээс мөнгө авч буй харагддаг. Төрийн өмчит автобус компанийн кондуктор тасалбар тасалж өгнө. Хувийн өмчит компанийнх бол мөнгө аваад л гүйцээ. Гарт нь тасалбар атгаастай хэрнээ өгөх тун дургүй. Үндсэндээ дунд сургуулийн сурагчид хийгээд амь амьжиргаагаа залгуулах гэж ажил төрөл эрхэлж, татвар төлөгчдийг бүрдүүлэгч дунд эргэм насныхан л мөнгө төлж унаанд суухаас биш бусад нь автобусыг буяны унаа мэт эдэлдэг нь бэлхнээ харагддаг.

Тэгвэл дунд сургуулийн сурагчид, татвар төлөгчид хоёрын халаасыг суйлж тасалбарын үнийг нэмэлгүйгээр автобус компаниудын ашгийг өсгөх амархан боломж байна.

Ерөөсөө л автобусаар зорчсон л бол мөнгөө төлдөг зарчимд шилжие. Мөнөөх элдэв хөнгөлөлт эдэлдэг гуравны хоёрыг төлбөртэй болгоё гэсэн үг. Дэлгүүрээс юм авахад өндөр настан, оюутан, цагдаад үнэгүй үйлчилдэггүй биз дээ.

Дунд сургуулийн сурагч жаалууд 200 төгрөгөө тов хийтэл төлчихөөд зорчиж байхад оюутан ах, эгч нар хөнгөлөлтийн картаар үнэгүй зорчих хэрнээ суудал бүрийг дүүргэн, дэргэд нь дэнжигнэх хөгшид, хүүхэд тэвэрсэн аав ээжийг үл тоон чихэвчний хөгжим сонсч нүдээ анин суух болсон. Цагдаагийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж явахдаа л үнэгүй зорчих байтал байнгын буяны үйлчлүүлэгч болчихсон. Кондукторууд яагаад ч юм лам, хуврагаас ихэнхдээ мөнгө авдаггүй юм билээ. Тэгвэл хуврагууд олны өргөл барьцаас яагаад хэдэн төгрөг төлчихөж болдоггүй юм.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтийн мөнгийг төрөөс тухайн компаниудад нь өгдөг юм гэсэн. Үүнийг нөхөн олговор болгоод өндөр настнуудад нь өгчихье. Унаагаар зорчих нь унаандаа өгөөд, зорчихгүй нь хоол ундандаа нэмэрлэг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд нөхөн олговор гар дээрээ авахгүй гэж тэр жил хүзүү хоолойгоо гинжилж аймаар жагсаал хийсэн. Тэгэхээр тэдний мөнгийг харин автобус компаниудад нь шилжүүлээд үнэгүй явуулна биз. Шатахууны үнэ өссөн нь иргэдэд халгаа болохгүй хэмээн ам алдаад байсан О.Магнай дарга ч үүнд анхаарах биз ээ.

Суусан болгон нь мөнгөө төлбөл хэн хэндээ амар. Хэдий болтол тасалбараа аваад явдаг цөөхөн хэдэн сурагч, дунд эргэм насныхан сөхөртлөө халаасаа суйлуулах юм бэ

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж