Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Тэгвэл “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлыг өнөөдөр дахин шинээр томилжээ. Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захиралаар П.Бат-Эрдэнийг томилсон байна.
Баттай эх сурвалжийн мэдээллээр Зам тээврийн сайд А.Гансүх Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржид хандан өчигдөр хүсэлт тавьжээ. Түүнд Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх талаар шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас барьж буй бодлоготой “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан нь зөрчилдсөн шийдвэр барьж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү. Харин “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар дэд захирал П.Бат-Эрдэнийг томилуулах хүсэлтэй байна гэснийг ийнхүү Төрийн өмчийн хороо ёсоор болгожээ.
Тавантолгойн ордоос Гашуун сухайт хүртэл татах төмөр замын асуудал ийнхүү эрх баригчдын дунд халуухан тэмцэл өрнүүлж байгаа бололтой. Тэр дундаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хувьд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл өргөн царигтай төмөр зам тавих ёстой гэсэн байр суурь барьж байгаа бол албан тушаалаасаа чөлөөлөгдөөд удаагүй байгаа М.Энхсайхан нь нарийн царигтай төмөр зам тавих ёстой. Төмөр зам тавих ажлыг хамгийн тэргүүнд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл тэргүүн ээлжинд татах ёстой гэсэн байр суурь баримталж байсан нь ийнхүү чөлөөлөгдөх үндэслэл болсон байх талтай ажээ.
УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод Монгол Улс нь өргөн царигт суурилсан төмөр замтай байна гэж зааж өгсөн. Ийм бодлогын баримт бичиг гаргахад тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар одоогийн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ажиллаж байв. Тиймдээ ч дээрх бодлогын баримт бичгийг гол “нухсан” хүн байсан юм.